Арабууд Төв аймгийн Сэргэлэн, Баян-Өнжүүл сумдад цагдаагаар хамгаалуулсан отог гаргажээ
Монголчууд эртнээс шонхор шувууг билэгшээж ирсэн учраас 2012 онд “Төрийн бахархалт шувуу” болгон зарласан. Тэр хэрээрээ иргэд шонхор шувууг дахин гадагшаа зарж, гадны анчид тал хээр нутгаар өөрсдийн дураар зам гаргаж, малын бэлчээр талхлахааргүй боллоо хэмээн бодсон. Гэвч Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн нутаг Хонгорын ар хэмээх газарт шонхрын анчдын 70 гаруй асар /майхан/, хориод тооны чингэлэг бүхий маш том отог буужээ. Нэг үгээр бараг л говийн жижигхэн сумын төвийн хэмжээний хүн машин цуглан асар майхан барьж, анчдын арми авчран шонхор шувууг бариад эхэлсэн байна. Нутгийн малчдын хэлж байгаагаар тус отог буудаллахаар ирэхдээ машин техник нь шаварт сууж эргэн тойрны айлуудын хаваржаа, өвөлжөөнийх нь модыг хуу хамаад хэрэглэжээ. Энэ талаар нь хэлж сануулахад 60 мянган төгрөг өгсөн талаар Бараат багийн малчин эмэгтэй ярьж байна. Мөн худаг гаргахаар хоёр, гурван газар өрөм тавьж байгаа нь газрын гүний усны нөөцөд сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байгаагаа ч нуугаагүй.
Тэгвэл энэхүү отог нь Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын дэд захирагч Хамдан Бин Мухаммед Бин Рашид Аль Мактун гэж хүнийх гэнэ. Нийт 30 шонхор барих зөвшөөрөл нь энэ сарын 04-ний өдөр гарсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд гарын үсэг зуран баталгаажуулжээ. Тус зөвшөөрлийн дагуу тэд наймдугаар сарын 04-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны хооронд Сүхбаатар, Хэнтий, Төв, Хөвсгөл, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Дорнод, Говь-Алтай, Завхан, Архангай, Баян-Өлгий, Булган, Ховд, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон, Увс, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудын Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас бусад газарт шонхор барих аж. Харин тухайн зөвшөөрөл дээр “Соёлын зориулалттайгаар...” хэмээн онцолсон байна. Энэ талаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Байгаль орчны байцаагчаас тодруулахад “Манай суманд байгаа нь хоёрдугаар отог нь юм билээ. Нэгдүгээр отог нь Сэргэлэн суманд байгаа гэсэн. Бид бүхэн очиж уулзсан. Бүх зохих зөвшөөрлөө авчихсан юм байна лээ. Нэг шонхрын зах зээлийн үнэлгээний 40 хувийг сум орон нутагт өгөх ёстой. Энэ талаар гэрээгээ хийсэн” гэсэн юм. Мөн түүний хэлснээр худаг гаргахаар өрөмдлөг хийж байгаа үнэн бөгөөд худгийн зөвшөөрлөө Төв аймгийн Байгаль орчны газраас авсан бол шонхрын анчид маань тус сумаас цагдаагийн хамгаалалт гаргуулсан байгаа аж. Гэтэл салбарын сайд нь шонхрын төлбөрийн 80 хувийг орон нутагт төвлөрүүлэх шийдвэр гаргасан хэмээн хэлж байна. Төлбөрийг нь авч байгаа учраас хяналтаа орон нутаг нь өөрөө тавих ёстойг ч хэлж байна. Харамсалтай нь хяналт тавихаар сумын Байгаль орчны байцаагч нь явахдаа хамгийн түрүүнд дагуулж явах учиртай цагдаа нь өнөө шонхрын анчдынхаа хамгаалалтад гарчихсан байгаа юм.
Дубай хотын дэд захирагч Хамдан бин Мухаммед бин Рашид Аль Мактум өмнө нь манай улсад хоёр удаа ирж байсан бөгөөд энэ жил аравдугаар сарын сүүлээр ирэх гэж байгаа аж. Тэрээр АНЭУ-ын дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дубайн захирагч Шейх Мухаммед бин Рашид аль Мактумын хүү бөгөөд тэднийх дэлхийн тав дахь баян язгууртан гэр бүл юм. Нэг шонхор барих зөвшөөрөл 16.4 сая төгрөг бөгөөд БОАЖЯ соёлын зориулалт нэрийн дор ийнхүү Дубайн ханхүүд ийнхүү 30 шонхор зарсан байна.
Н.Уртнасан: 30 шонхор барих зөвшөөрөл өгсөн нь нийтэд мэдээллээд байхаар зүйл биш
Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасангаас тодрууллаа.
-Танай яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболдын гарын үсэгтэй 30 шонхор барих зөвшөөрөл АНЭУ-ын Дубай хотын дэд захирагчийн нэр дээр гарсан байна. Энэ тал дээр та тайлбар өгөхгүй юу?
-Дубай хотын дэд захирагчид соёлын харилцааны хүрээнд зөвшөөрөл өгч байгаа. Эдлэг шонхор шувуу чинь ер нь нүүдлийн шувуу шүү дээ. Тийм болохоор жил болгон цөөн тоогоор булангийн орнуудтай соёлын харилцааг хөгжүүлэх чиглэлээр өгдөг юм байна лээ. Тиймээс нийтэд зарлаад, мэдээллээд байхаар айхтар ач холбогдолтой зүйл биш л дээ. Булангийн орнуудаас өөр өөрсдөө онгоцтойгоо ирээд авдаг худалдан авагч байхгүй. Ноднин цар тахлаас болоод ирээгүй. Энэ жил бас хичнээн хүн ирэх зэрэг нь тодорхойгүй байгаа. Агнадаггүй, соёлын зориулалтаар барьдаг. Би сайдаар томилогдож ирээд үзэхэд нэг их ноцтой юм байхгүй, өмнө жилүүдэд өгч л байсан юм билээ. Ер нь өмнөх жилүүдэд булангийн орнуудаас 100-аад сая ам.долларын тусламж, дэмжлэг авч байсан байдаг. Энэ агуулгаар хүсэлтийг нь дээд талаас нь эрэмбэлээд л өгсөн байх. Гэхдээ яг хэнд хэдэн шонхор гэдэг нарийн тоо нь нууцын зэрэглэлээр хэлэлцэгдээд гардаг юм.
-Идлэг шонхрыг Төрийн бахархалт шувуу болгон зарлачихсан болохоор малчид шонхороо дахиж бариулахгүй, гадагшаа гаргахгүй юм байна гэсэн ойлголт өгсөн. Гэвч ингээд гаргасан хэвээрээ байх нь хэр зөв юм бэ?
-Ойлголтын зөрүү байна. Амьтны тухай хуулиараа агнах, барих гэдгийн барих гэсэн зориулалтаар нь зөвшөөрөл өгдөг. Нүүдлийн шувуу болохоор Хятад улс ч гэсэн бариад булангийн орнуудад өгдөг жишиг бол байгаа. Тоо толгойн хэмжээнээс нь хамаарч тодорхой тооны шонхрыг л хоёр орны соёлын харилцааны хүрээнд булангийн орны гол хөрөнгө оруулагч нарт өгдөг. Түүнээс биш танай тэр малчдын яриад байгаа шиг хэт олноор нь тоо толгойг нь цөөрүүлэх хэмжээнд бариулдаггүй. Зарим нь өвөлждөг шүү дээ. Ерөнхийдөө нүүдлийн шувуу гэдгээр нь л харах хэрэгтэй.
-Нэг шонхор барих төлбөр хэд орчим байдаг вэ?
-Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиараа соёлын гэдэг ангилалд хамруулан нэг шонхрын төлбөрийн 40 хувийг сум, орон нутаг авч байсан юм билээ. Энэ жил үүнийг 80 хувиар авахаар болсон. Нэг шонхорын 16 сая 400 мянган төгрөгийн төлбөрийн 40 хувиар бодоход 6.4 сая байсан бол хоёр дахин нэмэгдэж байгаа. Би болохоор орон нутгийнхаа төсвийг бодоод нэмсэн. Үнэ нэмснийг сонсоод арабууд их үнэтэй байна гэсэн яриа хэл гаргаж л байсан.
-Нэг шонхрын төлбөр болох 16 сая 400 мянган төгрөгийн 80 хувь нь орон нутгийн төсөвт орно гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав, 2021 он хүртэл 40 хувиар тооцож ирсэн бол энэ оноос 80 хувь болж байгаа. Тийм болохоор орон нутгийнхан гайгүй хүлээж авч байгаа байх. Ганц нэгэн шувуугаа өгье гэсэн л байр суурьтай байдаг юм билээ.
-Хөдөө хээр газарт худаг гаргахын тулд аймгийн Байгаль орчны газраас зөвшөөрөл аваад гаргаж болдог уу?
-Худаг гаргах зөвшөөрлийг би сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь худаг, устай холбоотой зөвшөөрлүүдээ орон нутгаас авах ёстой. Манайхаас бол шонхор шувуу барихтай холбоотойгоор худаг, ус гаргана гэсэн юм байхгүй. Зөвхөн шонхор барихтай холбоотой зөвшөөрөл өгдөг.
-Танай зүгээс барих зөвшөөрлийг нь өгчихдөг. Эргээд тэр хүмүүст хэн хяналт тавих ёстой вэ?
-Орон нутагт төсөв нь төвлөрч байгаа учраас орон нутаг агнуурынхаа бүсэд хяналт тавиад явна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 10 )
Anh Oyunhorol shonhor zarj bayjsandaa tuunees hoish yu bolson be?? Ingej zaraad uurt n hed unah bl? Ter anh zarsan avgaigaas asuuj uzeerei!!!
Bvh yumaa zarah yum bna. Ene said geed bgaa hvvhen
ene uls buteguiee,udahgui yag afgan shig bolno,huuli durem yuuch baihgui,eh oronoo hairlana gej baihgui
Ara uud vnetei bna gevel bitguu og l doo oor Ted haanas ingej olonoor barih be de.kazakstan ch bas ogohgui geed bga.hyataduud bas shonhoroo arabuud ogj zarah uls bishee.muu arabuud shonhoroo zarj yg haragdaachaa hyataduud. Hudalaa buraad bna.
бас бөөн авилгал байгаа биз Нэг их асууал гаргах зүйл биш ч гэх шиг энэ одоо юу вэ?
НГУУЦ ГЭЭД ӨӨРСДӨӨ ТЭР МӨНГИЙГ НЬ ХУСААД БАЙДАГ УУ?
Энэ ЗГ ийг огцруул
Архангай аймгийн Хашаат суманд шонхор барих арабуудтай уулзахад улсын хэмжээнд 20 шонхор л барина гэж байсан.гэтэл олон газар ингэж барьж байгаад нь хяналт тавьж чадахгүй юм байна.1 бичиг үзүүлээд л хэдийг ч зэрэг зэрэг өөр газруудаас барих боломжтой.хатуу хянах орон нутгийн иргэдийн хяналт шаардлагатай.12 сар хүртэл мөн ч олон шонхор барина.далд наймаа явж бгаа сэжигтэй шүү
Ардчилалыг арай буруу ойлгосон... Богд уул, Туул голоо бузарлах замыг тавьсан хамгийн буруу бодлоготой явж ирсэн яам шиг санагддаг.
Монголчууд олон улсын түвшний гэрээ хэлцэлд жижигдэж ханддагаа болих хэрэгтэй. Мэрэгжлийн ур чадварт суралц эсвэл мэрэгжлийн хүмүүсийг тавьж ажиллуул та нар чадахгүй гэдэг чинь Баяр,Баярцогт, Сайханбилэг нараар эхэлсэн гэрээгээр батлагдсан шүү дээ коммунистууд аа.