Нууцын зэрэглэлээр халхалсан шонхрын наймааг цэгцэлье!

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 27

-Үндэсний Аудитын газрын тайланд шонхор шувуу барих, хилээр гаргах дээр долоон хуулийн 17 заалт, хоёр журмын 12 заалт зөрчигдсөн гэжээ-

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотын ханхүүгийн нэр дээр 30 шонхор барих, хилээр гаргах зөвшөөрөл гарч, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд отгоо гаргасан талаар бид цувралаар мэдээллэсэн. Харамсалтай нь энэ бүхэн нууцын зэрэглэлд хамаарч байгаа учраас салбар яам, хариуцсан мэргэжилтнүүд тодорхой тайлбар хийлгүй өдийг хүрлээ.

Уг нь бол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн тавдугаар зүйлийн 2.4-т “Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх” хэмээн заажээ. Харин Монгол Улсын Засгийн газар илтэд энэ хуулийн заалтыг зөрчин шонхор шувууг барих, хилээр амьдаар гаргахыг “Нууцын зэрэглэл”-д оруулсан болж таарах нь. БОАЖЯ-наас 2015 онд ховор ан, амьтдаас ганцхан шонхор шувууг энэ зэрэглэлд оруулсан. Тиймээс анх 1993 оноос хилээр амьдаар нь гаргаж эхэлсэн тус шувууны талаарх мэдээлэл одоо хаалттай болсон.

Манай сонины олон нийтэд ил болгосноор АНЭУ-ын Дубай хотын дэд захирагч Хамдан Бин Мухаммед Бин Рашид Аль Мактунны нэр дээр 30 шонхрын зөвшөөрлийг салбар яамнаас өгч, 21 аймгийн нутаг дэвсгэрээр хөндлөн гулд шувуугаа бариад эхэлсэн. Манайхаас өөр оронд нийт нутгаараа өөрийн дураар сэлгүүцэж шонхор барьдаг зөвшөөрөл өгдөггүй юм билээ.

Энэ жилийн хувьд 250 хүртэлх агнуурын шувуу хилээр гаргахаар шийдвэрлэсэн гэсэн мэдээлэл бий. Ер нь манай улсаас шонхор шувууг амьдаар нь авч гардаг хэдхэн улс байдаг. АНЭУ, Кувейт, Саудын Араб, Катар гэсэн гол дөрвөн улс л жил бүр шонхор шувууг барих зөвшөөрөл хүсэж, улсын хилээр гаргадаг. Энэ жил ч гэсэн эдгээр дөрвөн улсын анчдын отог аль хэдийнэ ирээд ангаа эхэлсэн байна.

Шонхор шувууг бариулж болох ч бүх зүйл хуулийн дагуу, төлбөр мөнгө нь үнэн бодитой байх ёстой. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд шонхор шувууны жишиг үнэ, тэмдэгтийн хураамжийг дандаа дутуу авч байснаар нийтдээ 30 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Үүнд үе, үеийн Засгийн газар, БОАЖ-ийн сайд буруутай.

Одоогийн сайд Н.Уртнасангийн өгсөн мэдээллээр бол нэг шонхрын үнэ нь 16.4 сая төгрөг гээд байгаа. Гэтэл энэ нь бас л багасгасан, тэдэнд тал зассан үнэ болж таарах нь. Учир нь Засгийн газрын 2009 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 112 дугаар тогтоолоор тогтоож өгснөөр бол идлэг шонхор шувууны жишиг үнэ нь 12000 ам.доллар байна. Энэ тогтоол одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм билээ.

Дубай хотын ханхүүгийн нэр дээр 30 шонхрын зөвшөөрөл гарсан наймдугаар сарын 04-ний өдрийн ханш/1 ам.доллар 2848 төгрөг/-аар бодож үзвэл нэг шонхрын зах зээлийн үнэ 34.1 сая төгрөг болж байна. Харин салбарын сайд Н.Уртнасангийн хэлээд байгаа нь “ан, амьтныг агнах” гэдэг ангилалаар хийсэн шонхрын үнэлгээ гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар бол “Амьдаар нь гадаад оронд гаргасан ан амьтны төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар” тооцно хэмээн заажээ. Тэгэхээр энэ заалтаар бол арабууд амьдаар нь хил гаргаж байгаа болохоор 12 мянган ам.долларын 80-90 хувиар тооцож Монгол Улс төлбөр авах ёстой. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасныг ч дандаа багасган хэрэглэж иржээ. Бидэнд мэдээлэл өгсөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ахмад ажилтны хэлсэн өнөөх 30 гаруй тэрбумын хохирол ингэж л үүссэн байна. Энэ мэтчилэн хуулийн заалтыг буруу хэрэглэж, олон нийтэд буруугаар тайлбарлаж байсныг Үндэсний аудитын газрын тайлан хүртэл нотолно.

Байгаль орчны иргэний нийгмийн байгууллагуудын хүсэлтээр 2017 онд хийсэн “Идлэг шонхор шувуу барих, гадаад оронд гаргах үйл ажиллагааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайлан” мэдээнд дурдсанаар долоон хуулийн 17 заалт, хоёр журмын 12 заалт зөрчигдсөн гэжээ.

Шонхор шувууг Засгийн газраас 2012 онд Үндэсний бахархалт шувуу болгон зарлаж, таван жилээр улсын хилээр гаргахыг хориглох тогтоол гаргасан. Гэвч тун удалгүй буюу 2015 онд “Нууцын зэрэглэл”-д оруулан жил бүр тодорхой тоогоор гаргасаар иржээ. Өнөөх таван жил нь дуусангуут 2019 онд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 293 дугаар тогтоолоороо мөн л таван жилээр “Ашиг олох зорилгоор...” гадаад улсад гаргахыг хориглосон. Харамсалтай нь энэ бүхэн цаасан дээрээ л үлдэж. Учир нь АНЭУ-ын Дубай хотын ханхүү 2019 онд ирж, Төв аймгийн Эрдэнэсант суманд отоглон шонхор шувуу аваад явахдаа халиун буга агнасан асуудалд холбогдож байлаа. Мөн өнгөрсөн жил цар тахлаас үүдэлтэй хил хаалттай байсан ч улсын хилээр 140 орчим шонхор давсан байна. Энэ бүхэнд ямар нэгэн хариуцлага хүлээлгэж чадаагүй нь өнөөдөр түүхийн баримт болон үлдэж.  

Дэлхий дээр 58 зүйлийн шонхор байдгаас манай улсад 10 орчим зүйлийнх нь бий. Яамны зүгээс шонхрыг “нүүдлийн” хэмээн онцолдог ч манайд суурин байдаг нь ч бий. Дээрээс нь Л.Гансүх гэж хүн салбарын сайд байхдаа шонхрын нэгдсэн тооллого гэж нэг юм хийсэн мэдээгээр л одоог хүртэл явж ирлээ. Энэ тооллогоор 10 орчим мянга бий гэсэн тооцоолол гаргасан. Даанч энэ тоонд итгэхэд бэрх. Учир нь шонхрын тооллогыг тодорхой нэг газар сонгож аван хийгээд нийт нутаг дэвсгэрт үржүүлснээр гаргасан юм. Гэтэл манай орны говь, цөлийн бүс, хангайн хойд хэсэг гээд шонхор амьдардаггүй газрууд байдаг. Хэрвээ үнэхээр ийм тооны шонхор байдаг нь үнэн бол яагаад “нууц” болгосон нь бас л хардлага дагуулдаг. Учир нь улсын хэмжээнд цөөхөн байдаг аргаль, угалзыг агнах, бариулах нь ил тод байдаг.

Дээрээс нь шонхрын наймааг дагасан асар их мөнгө, хээл хахууль дагалдаж байдаг тухай яриа явдаг. Тэр ч бүү хэл засаг толгойлж байгаа намынхан сонгуулийн мөнгөө шонхрын наймаачид, шонхор худалдаж авдаг улсуудаас бүрдүүлдэг гэсэн хардлага ч бий. Тиймээс л энэ олон хардлагыг нэг тийш нь шийдэж, шонхор барих, хилээр гаргах асуудлыг нэн яаралтай нууцын зэрэглэлээс нь гаргах хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол 24 мянган ам.долларын үнэтэй аргаль, угалзын асуудал ил тод мөртлөө 12 мянган ам.долларын үнэтэй шонхор нь нууцад байгаад байхаар эцэс төгсгөлгүй хардлага үргэлжилж л таарна.

Дээрээс нь шонхор барихаар ирсэн арабууд зүгээр нэг шонхороо барьчихдаггүй. Өнгөрсөн жилүүдэд аргаль, угалз, хар сүүлт гээд ховор төрлийн ан амьтдыг үй олноор нь алж байсныг он сартай нь гэрчлэх зургууд Төрийн бус байгууллагуудад үй олноороо хадгалагдаж байна. Тэд үүгээрээ байгаль орчны тухай хуулиудыг зөрчөөд зогсохгүй, Галт зэвсгийн тухай хуулийг ч зөрчиж байгаа. Тэр бүгдэд монголын төр нүд нь балай, чих нь дүлий явж ирлээ.

Хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүсээс нь энэ талаар тодруулахаар “Тусламж дэмжлэг ихээр авдаг” гэсэн тайлбар хийх нь энүүхэнд. Тэр бүгдийг нь эргээд харахаар хэд гурван цэцэрлэгийн барилга л шийдэж өгсөн байх жишээтэй. Тийм учраас нэн яаралтай шонхор шувууг барих, хилээр гаргах, түүний төлбөр мөнгөний асуудлыг нууцаас гаргаж, асуудлыг олон нийтэд ил тод мэдээллэх хэрэгтэй. Харин энэ асуудал Н.Уртнасан сайдын үед шийдэгдэх үү, эсвэл тэрээр элдэв хардлага дагуулсаар улс төрийн албаа хүлээлгэн өгч, өмнөх сайд, дарга нарын адилаар АТГ-ын үүд сахин суух уу гэдгийг харах л үлдэж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.231.2) 2021 оны 08 сарын 28

30 ширхэг шонхорын зөвшөөрөл өгсөн гэсэн энд бараг 50 иад шонхор байна, Энэ даварсан нөхдүүдэд хараа хяналт ер нь байдгүй юм бишүү,Энэ тэнэг наймаагаа болиочээ

0  |  0
zochin(174.88.107.227) 2021 оны 08 сарын 28

ЭНЭ НАЙМААГ ШУУД XААX XЭРЭГТЭЙ, БАЙГЛИЙН ТЭНЦВЭР АЛДАГДААД ЦӨЛЖДӨГ ГЭСЭН !!! МАНАЙXИЙГ УСТГАX АРГА !!!

0  |  0
Гутамшиг(150.129.142.40) 2021 оны 08 сарын 28

Үндэсний бахархлаа харьд зардаг тэнэгүүд бол монголчууд. МАН, АН-ын хулгайч нарын нууц наймааны нэг төрөл. С.Баяраас Оюун-Эрдэнэ хүртэл бүгд хувь хүртдэг жижиг орлого нь.

1  |  0
Shonhor Mongoldoo (37.60.73.10) 2021 оны 08 сарын 27

Gadaadynhanaar yamar ch an Mongoldoo hiilge. Yalanguyaa Hugo in arabuudaar

0  |  0
уншигч(66.181.181.243) 2021 оны 08 сарын 28

цөлжилт гээд ... байдаг. Цөлжилтэнд нөлөөлдөг огтоно, мэрэгч амтьдыг иддэг шувуу гээ биз дээ уг нь

1  |  0
Зочин(192.82.72.88) 2021 оны 08 сарын 28

Энэ чинь хуулиар хориглосон ан байна. Ер нь энэ Араб, Хасаг, Казак нь хэзээний дураар загнасан улсууд. Надад таалагддаггүй юм. Ер нь ийм асуудлыг цэгцлэх ёстой болсон байх. Бид хүртэл төрсөн нутаг дээрээ энэ улсууд шиг ингэж тонгочиж чаддаггүй улсууд шүү дээ.

2  |  1
Зочин(192.82.72.88) 2021 оны 08 сарын 28

Засгийн газар 5 жилээр хилээр Шонхор гаргахгүй гэсэн тогтоолтой юм бол гаргасан хүнд яах юу байхав Засгийн газрын тогтоол зөрчсөн хариуцлага тооцооод эрүү үүсэг. 34,1 сая төгрөгөөр зара ёстой Шонхорыг 16.4 сая төгрөгөөр зарсан бол зөрүү 18.5 сая төгрөгийг хэн авсан, яагаад хууль зөрчиж хямд зарсан, авилгын шинжтэй асуудал бий юу, яагаад 21 аймгаар чөлөөтэй зорчиж ан агнах ёстой гэж. Хэрвээ тэдгээр хүмүүс Шонхор агнах нэрийдлээр улс дотор тагнуулын үйл ажиллагаа явуулбал хэн хариуцах. шашин шүтлэг, зан заншил, байгаль орчин сүүтгэвэл хэн хариуцах гэх мэт олон асуудал байна даа.

1  |  0
нар(202.179.27.8) 2021 оны 08 сарын 28

Энэ бол МАНын хийж байгаа ажил

0  |  1
харамсалтай(192.82.72.207) 2021 оны 08 сарын 28

НУУЦ нэрээр МАН шонхор зарж санхүүжилтээ бүрдүүлж байна гэж ойлгох уу? ЯАХААРАА нууц гэрээгээр шонхор зарж байгаа юм вэ?

0  |  1
Top