Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн малчин М.Отгонбилэг энэ жил Улсын сайн малчны болзол хангажээ. Тэрээр нутаг оронд нь өвөл, хавар хүндхэн болсон тул отор хийж яваад долоодугаар сарын сүүлээр өөрийн нутагтаа иржээ. Тэдний зуслан нь нутгийнханы тахилгат хайрхан Хонгор уулын баруун бэлд байх. Харин арабууд ирээд “Ханхүүгийн маань нутаг энэ мөн байна” хэмээн даналзах үед нь Засаг дарга Э.Наранцогт утсаар яриад “Мөнгийг нь авчихсан учраас хэл амгүйхэн буулга” гэсэн байна. М.Отгонбилэг өөдөөс нь “Мөнгийг нь авснаараа чи хашаандаа буулга” гэсэн ч салбар яам, сумын удирдлагуудад мөнгийг нь өгөөд хамтран ажиллах гэрээ байгуулчихсан учраас хүчтэй, мөнгөтэй хүмүүсийн өмнө хүчин мөхөсджээ. Ингээд наймдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн арабууд асар майхнаа барьж, худаг өрөмдөн, энэ тэндгүй газар ухаж эхэлсэн байна. Өдөр ирэх тусам арабуудын тоо нэмэгдэж, монголчуудын хувьд ёс бусаар энэ тэндгүй бие засацгаах/сөхөрч сууж бие засаад, ваартай усаар угаал үйлддэг/ нь их болсон гэнэ. Тиймээс эхнэр, охин хоёр нь айж, ичихийн хэрээр аймгийн төв явжээ. Тэднийх вагончик гэж нэрлэдэг зөөврийн сууцтай. Гэрийнхээ урд хэсэгт хонио хотлуулдаг байсан ч арабуудын асар майхан босож, машин зам гарчээ. Тэрээр нэр нүүрээ бодоод шууд нутгаа орхиод нүүчихэж болохгүй, хөөж туутал нь байна даа хэмээн учирлаж суусан.
ЯАМТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН БОЛОХООР ЯАСАН Ч ТЭДНИЙ ДУР
Наймдугаар сарын 4-ний өдөр 30 шонхор барих зөвшөөрөл нь гарсан гэдгийг бид өмнөх сурвалжилга, нийтлэлүүддээ дурдсан. Тэгвэл БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд болон Дубайн ханхүүгийн бие төлөөлөгч Мубарак Алмутайри нарын хооронд хийгдсэн Хамтран ажиллах гэрээ нь долоодугаар сарын 9-ний өдөр зурагджээ. Өөрөөр хэлбэл зөвшөөрөл нь гарахаас өмнө хамтран ажиллах гэрээ хийчихсэн гэсэн үг.
Ингэхдээ тус гэрээг долоодугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, арваннэгдүгээр сарын 14 хүртэл хүчинтэй байхаар тусгажээ.
Энэ гэрээнд зааснаар Монголын талын хүлээх үүргийн нэгдүгээрт, “2021 онд 30 хүртэлх тооны идлэг шонхор шувуу барин, гаргах зөвшөөрлийг АНЭУ-ын талд олгож, АНЭУ-ын төлөөлөгчдийг 2021 оны долоодугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 14-ний хооронд идлэг шонхор барихад нь туслалцаа үзүүлэх, энэ талаар холбогдох аймаг, сумдын захиргаа, байгаль орчны албанд болон цагдаа бусад байгууллагуудад албан ёсоор мэдэгдэх” хэмээн тодорхой заажээ. Нэг ёсондоо хэн мөнгөө төлнө, тэр нь дуугаа захиална гээч болж. Зөвхөн энэ заалтаар л гэхэд салбар яам нь тэднийг шонхор барих бүхий л талаар туслаж, бололцоотой бүх аргаар хамгаалах ёстой болж байна. Дээрээс нь шонхрын зөвшөөрлийн албан бичиг дээр нь 21 аймгийн нэрийг дурдан, эдгээр газруудад шонхор барьж болно гэж заасан. Бас нэгэн сонирхолтой заалт уг гэрээнд байгаа нь шонхор барьж байгаа арабууд энэ талаараа зураг, бичлэг хийж хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудаст байршуулсан тохиолдолд гэрээг хүчингүй болгож, зөвшөөрлийг цуцална гэжээ. Нэг ёсондоо шонхор шувууг барих, хилээр гаргах нь Засгийн газрын нууцын зэрэглэлд орчихсон учир иргэдээс энэ талаарх мэдээллийг нууцалж байгаа царай нь энэ аж. Сайд нь ч гэсэн “Шонхрын зөвшөөрөл өгсөн нь олон нийтэд мэдээллээд байх зүйл биш” хэмээн хэлж байсан. Үүнээс гадна Н.Уртнасан сайд өөрийнх нь үгээр байгаагүй төрийн албан хаагчдаа ч ажлаас нь халаад эхэлсэн сурагтай. Хэдхэн хоногийн өмнө тодруулга авахаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн дарга П.Цогтсайхантай утсаар холбогдоход “Ажлаа хүлээлгэн өгч байгаа учраас тодруулга өгөх боломжгүй” гэсэн хариуг өгсөн юм. Харин учрыг лавлавал Н.Уртнасан сайдын дэвшүүлсэн компанид ховор ан, амьтдыг агнах, барих зөвшөөрөл хувиарлаагүй гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан гэсэн мэдээллийг байгаль орчны сэдвээр дагнан бичдэг сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн бичсэн байна лээ.
Ингээд яамтай нь гэрээ хийчихсэн арабууд орон нутгийн удирдлагуудтай гэрээ хийсэн болоод өөрсдийн дураар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Биднийг арабуудын отог дээр очиход анчдаа бусад аймгууд руу гаргачихсан байсан. Тэднийг ийнхүү 21 аймгийн нутгаар хөндлөн гулд явж, өөрсдийн дураар шилж сонгон шонхор барих ажилд нь хөндлөнгөөс хэн нэгэн саад учруулахгүй байхаар зохицуулах үүргийг тус гэрээгээр БОАЖЯ хүлээсэн. Тийм ч болохоор өөрсдийн дураар ан аваа хийж болно.
САЙДЫН ЯРЬСНААР 80, СУМЫН УДИРДЛАГУУДЫН ХИЙСНЭЭР 40 ХУВЬ
Баян-Өнжүүл сумын Бараат багийн нутаг Хонгорын ар, Хашаатын голоор нутаглаж байгаа айлууд “Манай суманд 100 сая төгрөг өгөхөөр болсон юм билээ” гэдгийг хэлж байсан. Харин энэ талаар нь тус сумын ИТХ-ын дарга Я.Батчулуунаас тодруулахад “Ээлжийн амралттай байсан учраас мэдэх юм алга. Гэхдээ наймдугаар сарын эхээр гэрээ хийж байна гэж дуулдсан. Тэр 100 сая гэдэг нь 15 шонхрын төлбөр юм билээ” гэсэн хариу өглөө. Хэрэв энэ үнэн бол БОАЖ-ын сайд Н.Уртнасан худлаа хэлсэн болж таарах нь. Учир нь тэрээр бидэнд өгсөн тодруулгадаа “Энэ жилээс нэг шонхрын төлбөрийн 80 хувийг орон нутагт нь төвлөрүүлэх шийдвэр гарсан” хэмээн хэлсэн юм. Нэг шонхрын үнэ 16.4 сая төгрөг. Харин 15 шонхрын төлбөрийн 80 хувь гэхээр 196.8 сая төгрөг болох учиртай. Харамсалтай нь сумын удирдлагуудын хийсэн гэрээгээр бол шонхрын төлбөрийн 40 хувь буюу 98.4 сая төгрөг л авахаар болж байгаа аж. Салбар яамны сайдын хэлсэн үнэн бол Баян-Өнжүүл сумын удирдлагууд арабуудтай хийсэн гэрээгээ эргэн харж, 80 хувиар нь хийх ёстой. Үүнээс гадна арабуудын барьсан шонхрын тоон дээр хэрхэн хяналт тавих вэ гэдэг эргэлзээтэй.
Сайд нь “Орлогыг нь авч байгаагаараа сум хариуцна” гэсэн. Харин сумын удирдлагуудаас тоо ширхэг дээр нь хэрхэн хяналтаа тавих вэ гэхээр олигтой хариулт хэлж чадахгүй л сууна. Тухайн отгоос нийтдээ долоон шонхор Эмээлтийн наана Баруунтуруунд авч ирсэн гэсэн мэдээлэл байхад энэ тухай сумынхан огт мэдээгүй байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Батбаяр энэ талаар “Одоогоор шонхроо барьж эхлээгүй байгаа” гэсэн бол нутгийнхны хэлж байгаагаар өдөр, шөнөгүй барьж байгаа аж. Үүнээс харахад 15 шонхор барина гэж төлбөрөө төлсөн ч яг хэдийг барьж байгааг нь сумын удирдлагууд хянаж чадахааргүй байгаа юм. Мөн өнгөрсөн оны аравдугаар сард болсон Орон нутгийн сонгуулиар сумандаа ялалт байгуулж, удирдлагаар сонгогдон ажиллаж байгаа сумын удирдлагууд ээлжийн амралтаа авчихсан зугаалж явна. ИТХ-ын дарга нь амралтаа эдлээд өчигдрөөс ажилдаа орж байгаа гэсэн бол Засаг дарга Э.Наранцогт нь мөн л зугаалж яваа гэнэ.
Дубайн ханхүү Хамдан Бин Мухаммед Бин Рашид Аль Мактун манай улсад энэ жил гурав дах удаагаа ирнэ. Аравдугаар сард түүнийг ирэхэд Төрийн тусгай хамгаалалтын газраас хүмүүс хамгаалалтад нь гарах юм билээ. Түүний аюулгүй байдлыг хангах нь манайхны үүрэг байж болох ч хууль бус үйлдэлд нь хяналт тавьж, хариуцлага тооцож чаддаггүй. Энэ нөхөр 2019 онд манай улсад ирж Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт байрлаж байхдаа халиун буга зөвшөөрөлгүйгээр агнаж байсан. Гэсэн хэдий ч түүнд Монгол Улсын хуульд заасан хариуцлагыг хүлээлгэж чадсан эсэх нь эргэлзээтэй. Ямар ч байсан олны дунд Эрдэнэсант сумын эмнэлэгт түргэний машин авч өгсөн гэсэн дам яриа байдаг. Ямартаа ч бүхнийг мөнгөөр далайлгаж, өөрийнхөө өмнөөс асуудлуудаа нэг улсын бүхэл бүтэн яамаар шийдүүлж чаддаг нөхөр тун удахгүй ирэх нь. Харин олны дунд яригддаг элдэв хардлагыг нэг тийш нь шийдэхийн тулд шонхор барих, хилээр гаргахыг “Нууцын зэрэглэл”-ээс нэн яаралтай гаргаж, араас нь тавих хяналтаа чангатгаж, ховор ан, амьтдыг агнах, барих зөвшөөрлөөр орж ирсэн орлогын зарцуулалтыг ил тод тайлагнадаг болох хэрэгтэй байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 14 )
Тэгэхгүй яахын муусайн боловсролгүй хөдөөний мангар засаг дарга нэртэй шуналтай арчаагүй юмсыг амархан худалдаад авчина шд хотод ч ялгаагүй юм үзэж нүд тайлаагүй хагас дутуу дипломтой цүнх баригч далдгар гаруудад боодолтой мөнгө харуулахад сургаар захирамж гаргаж шонхор байтугай эхнэрээ ч худалдана шдээ.
Ene neg davarcan haltar lalaruudiig hooj gargaachee
Арабуудын мөнгөнд амаа таглуулсан БОЯ сайд, шонхорын наймаачдыг үтэр түргэн зайлуул. Арабуудтай нутгийн иргэдийг дайтуулах л дутаж гэнэ.
ИЙМ төртэй ч байх гэж дээ. ЭНЭ АВЛИГЧДЫГ яах вэ?
ustagaad duusgaj bainada
Mungu n hend ochsiin.ulsiin tusuvt nemsiimuu.Unuruu min shalgaarai.
нөгөө босоогоор хөхдөгүүд айгаад очихгүй байгаа юм уу ха ха
зөвшөөрөлөө дуудлага худалдаагаар зараач тэггэхгүй бол хахууль хэтэрлээ
Мөнгийг нь авсан бол соёлтой үйлчлэх л хэрэгтэй.
Хэдэн мянгаараа тогонд цохиулж ухдэг шувуунуудаа олноор нь зарах хэрэгтэй
ШОНХОР БОЛ ТАЛ НУТАГИЙН ХИЙМОРЬ ЯАХ АРГАГҮЙ МӨН ЭРТНИЙ ШҮТЭЭНТ ЖИГҮҮРТЭН. МОНГОЛ УЛС ШОНХОР ГАДАГШ ГАРГАЖ ЭХЭЛСЭНЭЭР ХИЙМОРЬ НЬ ГУДАЙСАН.
Гадны хүмүүсийг давруулдагаа боль, Засаг дарга далдаганахаа болих хэрэгтэй
Hoogood yauulaach yuun davarsan yumnuuf.
бүр даварчих юм аа төр гэж байна уу\n