Сарны хөрсөн дээр ганхах цэцэгнээс сөл өвс дүрэлзсэн талын үндэс хүртэл сая өртөө орон зайг эзэлж, салхинд захирагдахгүй оюун санаа минь оршино, оо гэж би нэгэнтээ бичсэн. Буруудах юун. Би үүний тулд л амьдарсан. Оддын зулай дээрх оршихуйн чанадаас орчлонгийн элдэв амьдрал хүртэл олон живаа өнгийг хэлхэж, омголон залуугийн ул мөр оршиж байхад би өөрөөр яаж амьдрах юм. Ерөөсөө он цагаас хөөцөлдөж гүйсэн бүхэн дэргэд минь байна, зарим нь одож, зарим үгүй мэт амьдарна.
Нөмгөн үүлсийн хэвлийд бойжих усан дуслуудаас нүдэн нуурын бидэр цалгиа хүртэл нар түмэнтээ мандан жаргаж, насны минь тоо оршино гэж хэлсэн би өөрөөр яах юм. Манцуйгаа тийчэж сэрэх ертөнцийн өглөөнөөс мөчиртөө сүүлчийн гэрлийг хурааж нойрсох мод хүртэл маргаашийн эхлэл нөгөөдрийн зүүд оршино гэж би нэгэнтээ бичсэн. Орчлонгийн амьдрал хүн оршихуйн шалтгааны тухай л бичсэн хэрэг.
Тун ойлгохгүй бол тулганд бадмалах галын дөлөөс марал гурвын тэнгэрт дүрэлзэх гэрэл хүртэл төөрөг тавилан адууны мөр шиг хөглөрч, тарнийн шидтэй сэтгэл минь оршино гэж хүртэл бичив. Миний бичснээр орчлон ертөнц өөрчлөгдөхгүй ч нэг ч гэсэн хүн ухаарал аваасай гэсэндээ би ийм мөрүүд тэрэлжээ. Эцэст нь орчлонд юу ч яриад, ерөөсөө хүнд яриад юу ч хэрэггүй учраас мөнхийн гэрэлт орчлонг цатгаж асгарсан миний ээжийн ангир сүүнээс манант талаа амилуулж урссан мөрөн голын их усан хүртэл мөнхөд цадахгүй хүсэл минь оршино гэж би бичсэн. Өөр арга байхгүй.
Үүнээс өөр үнэн ертөнцөд үгүй. Тэр ч бүү хэл өвсөнд цайрах өндөгний чандмалсан зүүднээс өндөр тэнгэр эзэгнэсэн жигүүртэн хүртэл орчлонгийн заадсыг гэрэл сүүдрээр нь салгаж орь дуу тавин хүн төрөхөөс энгэр бэлийн өвс тайвшируулж үндэс хөөх хүртэл энэ ертөнцийн учир шалтгаан оршино гэдэг л үнэн. Өөрөөр орчлонг харах ямар ч аргагүй орон зайд би амьдарч байна.
Сэтгэгдэл ( 0 )