Намрын ийм л өдрүүдэд өглөө эртлэн босох шаггүй. Дарайтал унасан хяруу эсхүл хүйтэн борооноор аргамжаатай морио авч ирээд эмээллэх гэдэг чанга ажил. Арван хэдтэй алдрай аавыгаа орлож, адуу малын хошуу эргүүлж яваагаа хаана ч байхгүй чухал ажил амжуулж, өөрийгөө том хүн болсон мэтээр ойлгоно. Өглөө бүр ээжээрээ дуудуулахгүйхэн шиг босоод адуундаа явах тухай бодох ч ихэвчлэн л дуудуулна.
Хүйтэн бороотой өглөө хөөргөж бүсэлсэн дээлэндээ түүртэж, хурууны өндөг чимчигнэн байж морио эмээллээд гэртээ орно. Хуурай мод шажигнан асах зуны гэрийн дулааныг зүйрлэх юм үгүй. Хаяа нь сөхөөтэй гэрийн баруун хатавчинд байх айрагны хучлагийг сөхөхөд үнэр нь хамар цоргиж, исэж ханасан айраг өөдөөс үсчинэ. Айрагнаас хул мэлтэлзүүлэн хийж зогсоогоороо залгилж аваад ханын нүднээс бугуйлаа аваад гэрээс гарна. Хул морин дээрээ өндийж ойрхон хоносон адуугаа исгэрэн тууж явахад түрүүн уусан айраг ходоод халуу дүүгүүлэх нь шиврээ хүйтэн бороотой өглөө хачин сайхан. Адуугаа ширүүхэн туухад бороонд шивхэрсэн унага, дааганууд унгалдан давхиж, хөшсөн биеийнхээ чилээг гаргана. Хаяа нь цоорхой тэнгэр улам цэлийж, хэдэн унагаа барьж чагтлаад гэртээ орж, нойтон дээлээ ханцуйгаар нь унинд тохож хатаагаад хоймор суухад бага эгч адуу хаахна хоносон талаар асуунгаа хултай айраг мэлтэлзүүлэн барина. Ийм л намрын хул айраг...
Сэтгэгдэл ( 2 )
ай мөн ч сайхан даа ингэж л явлаа залуу нас аа гэж...
ай мөн ч сайхан даа ингэж л явлаа залуу нас аа гэж...