“Рио Тинто” авлигын асуудлаарх СӨРӨГ НЭХЭМЖЛЭЛИЙГ царцааж өгөхийг манайхаас хүсжээ

2021 оны 09 сарын 01

 

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн асуудлаар Лондоны Олон улсын арбитрын шүүхэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэл гаргасан билээ.

Тэгвэл “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс” компаниудаас Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр ирүүлсэн захидалд  Лондоны Арбитрт  гаргасан сөрөг нэхэмжлэлийг  түр царцаагаач ээ гэсэн хүсэлтийг манай талд тавьсан гэх мэдээллийг Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн билээ.

Тэдний зүгээс царцааж өгөөч гэсэн хүсэлт тавиад буй СӨРӨГ НЭХЭМЖЛЭЛ-ийн агуулгыг эргэн сануулъя.

“Оюу Толгой” компанийн зүгээс арбитрт татварын асуудлаар Монголын Засгийн газрыг хариуцагчаар татсан нэхэмжлэлийг 2020 онд  гаргасан бол Засгийн газар авлига, хээл хахуулийн асуудалд төслийн хөрөнгө оруулагчдыг хамаатуулан, сөрөг нэхэмжлэлийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр гаргасан юм.

Энэ талаар Х.Нямбаатар хэлэхдээ  “Маргааны хувьд, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар олон улсын арбитрын шүүхэд арбитрын мэдэгдэл гаргасан. Одоогийн байдлаар арбитрын бүрэлдэхүүн томилогдон, үйл ажиллагааны журам, төлөвлөгөө, дэг болон зохион байгуулалтын асуудлаар холбогдох баримт бичгийг баталсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр арбитрын гомдлын хариу тайлбарыг гаргасан.

Ингэхдээ Түр хорооноос өгсөн чиглэл, Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу “Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч буюу Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед болон Туркойз Хилл Ресурсес Лимитед компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргаж, дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан.

Үүнд, “Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах, мөн “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюутолгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах тухай” гэсэн юм.

"Оюу Толгой" компаниас  татварын асуудлаар Лондоны Олон улсын арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эргэн сануулахад:

Монгол Улсын Татварын албанаас тус компанийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд татварын хяналт шалгалт хийж холбогдох зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудас, 2015, 2016 онд молибденд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож төлөөгүй гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан шийдвэрийн талаар "Оюу Толгой" ХХК 2020 оны  хоёрдугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрмийн дагуу Лондоны Олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Харин Монголын Засгийн газрын зүгээс 2021 оны  дөрөвдүгээр сарын 30-нд авлига, хээл хахуулийн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасантай холбогдуулан, 2021 оны гуравдугаар сарын 26-нд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын илэрхийлсэн байр суурийг эргэн сануулъя.

Тэрбээр “Рио Тинто” компанийн эзэмшдэг “Туркойз хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Жижиг хувьцаа эзэмшигчдийн шүүхэд өгсөн нэхэмжлэлд Оюутолгой төсөлд ажиллаж байсан нэр бүхий 12 ажилтныг гэрчийн мэдүүлэг өгүүлж, далд уурхайн зардал хэтэрсэн бодит шалтгааныг "Рио Тинто" нуун дарагдуулсан гэсэн асуудлыг хөндөж тавиад, одоо энэ асуудал яригдаж байгаа. Хатуухан хэлэхэд, зарим гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс нэлээн хатуухан мэдээллүүдийг өгсөн. Тухайлбал, 2012 оноос хойш "Рио Тинто" Оюутолгой төслийн геологи, геотехникийн нөхцөл байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Геологийн хүндрэл гэдэг бол худал яриа юм гэсэн мэдүүлгийг өгсөн байгаа. Энэ асуудалтай холбогдуулж хөрөнгө оруулагчдад хувьцааны ханшид нөлөөлж болзошгүй мэдээллийг цаг тухайд нь өгөөгүй нуун дарагдуулсан, Үнэт цаасны хорооны холбогдох журмыг зөрчсөн гэдэг асуудлаар АНУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо болон Их Британийн Санхүүгийн зах зээлийн алба болон Санхүүгийн ноцтой гэмт хэргийн албанаас хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ мэдээллийг мөн бид авсан. Засгийн газар эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож байгаа гэдгээ өнөөдөр дуулгах гэсэн юм. Үүнтэй холбогдоод далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хөрөнгө оруулагчийн алдаатай үйл ажиллагаанаас болоод өссөн тохиолдолд бид хэлэлцээрийн шатанд хөрөнгө оруулагчтай хариуцлагын асуудлыг хөндөж тавих нөхцөл байдал үүсчихээд байгаа гэдгийг хэлье” гэж байв.

Тэгвэл өнгөрсөн наймдугаар сард Хөндлөнгийн шинжээчдийн гаргасан хараат бус дүгнэлтээр Оюутолгойн далд уурхайн зардал хэтэрч, хугацаа хойшилсон нь “Рио Тинто”-гийн зүгээс мэдэгдэж байсанчлан геотехникийн нөхцлөөс болсон нь тогтоогдоогүй юм.

Түүнчлэн  манай талаас төслийн менежментийг хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч талуудад бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх, гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх шаардлага тавиад байсан.

Харин өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниудаас Монголын Засгийн газарт хандан зөвшилцөх, ойлголцох агуулга бүхий захидлыг ирүүлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Муу түнш(202.21.108.22) 2021 оны 09 сарын 02

Үндэстэн дамнасан компани авлигалаар гэрээ хийсэн нь батлагдвал улам л чих нь зөөлрөнө. Монголчуудын мууг ч олон жил хайр энэрэлгүйгээр харгис хэрцгийгээр үзэж , улстөрчдийг хэт баяжуулсан муу түнш дээ.

0  |  0
монгол(66.181.179.39) 2021 оны 09 сарын 02

Сөрөг нэхэмжлэлийг царцаавал гэрээг сайжруулах талаар ярих боломжгүй гэсэн үг.

4  |  0
Top