“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аян үргэлжилж байна

2021 оны 09 сарын 17
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлийн 200 мянга орчим өрхийн хэрэглээ болсон сайжруулан түлшний нөөц, түгээлт, борлуулалт, хэрэглэх зааварчилга, аюулгүй ажиллагааг хангуулахаар холбогдох албаныхан хамтран “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг эхлүүлж байна.
 
Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах асуудалд онцгой анхаарч 2019 оноос эхлэн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, гэр хорооллын айл өрхийг сүүлийн 2 жил сайжруулсан түлшээр бүрэн хангаж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодисууд ялангуяа тоос, тоосонцрын хэмжээ 40-50 хувиар буурсан.
 
Агаарын бохирдлыг ойрын 4 жилийн дотор 80%-аар бууруулах зорилтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусган ажиллаж байна. Энэ зорилтыг хангахын тул нийслэлийн зүүн бүс, Налайх дүүрэгт сайжруулсан түлшний 2 дахь үйлдвэрийг ашиглалтад оруулан, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд орших гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр бүрэн хангаж байгаа.
 
“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ аян”-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Таван толгой түлш” ХХК болон бусад байгууллагуудтай хамтран 9 дүгээр сарын 15-наас 12-р сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулна.
 
 
 Энэ жилийн хувьд
 
– Сайжруулсан түлш хэрэглэгч 200 мянга орчим өрхийн 700 мянга гаруй иргэний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор угаарын хийн хордлогод өртөж болзошгүй өндөр эрсдэлийн түвшинд үнэлэгдсэн анхаарах шаардлагатай 63620 айл өрхийн угаар мэдрэгчид дохиолол суурилж хэрэглэгчид үйлчлэх төвөөс 24 цагаар хянах боломжтой болсон.
 
 
– Монгол инженерүүдийн зохион бүтээсэн автомат яндан хөөлөх технологийг нэвтрүүлнэ.
– Айл өрхийн хэрэглээнээс гарах үнсийг ангилан дахин боловсруулах боломжийг бүрүүлэхээр ажиллаж байгаа зэрэг онцлог давуу талтай.
 
 
Өнгөрсөн жилээс “ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ” аяныг зохион байгуулж, яндан хөөлөх зааварчилга болон бусад зөвлөмжүүдийг гэр хорооллын айл өрх бүрд хүргэж ажилласны үр дүнд угаарын хийн хордлогын дуудлагын тоо эрс буурч, иргэдийн яндангаа зөв хөөлөх, зуух пийшингийн бүрэн бүтэн байдлыг хянах, засварлах, зөв ашиглахтай холбоотой мэдлэг, мэдээлэл сайжирч, ур чадвар нэмэгдсэн. 2019-2020 оны галлагааны улиралд 900 гаруй өрхийн 2970 хүн, 2020-2021 оны галлагааны улиралд 350 гаруй өрхийн 786 хүн, 2021 оны 9 сар байдлаар 20 гаруй өрхийн 44 хүн тус, тус угаарт өрсөн нь өмнөх оны мөн үеүдтэй хариуцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа нь аяны ач холбогдол үр дүнг илэрхийлж байна.
 
 
 
Иймд иргэд, та бүхнийг “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ аян”-д идэвхтэй оролцож, хамтран ажиллаж, иргэнийхээ үүргийг биелүүлэн, өөрийн болон гэр бүлийнхээ гишүүн бүрийн эрүүл мэндийг хамгаалж, эрсдэлээс сэргийлэхийг уриалж байна.
 
Аяны хүрээнд гэр хорооллын айл бүрийг яндангаа хөөлөх, зөв галлах, угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгахтай холбоотой зөвлөгөө, мэдээллээр хангаж, зорилтот бүлгийн айл өрхүүдийн янданг хөөлөх, засвар үйлчилгээ үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж ажиллана. Мөн 1-2 дүүргийн зарим хороодыг жишиг байдлаар сонгон авч сайжруулсан түлшний үнсний хаягдлыг ангилан ялгаж, барилгын материал болон зам талбайд дахин ашиглах ажлыг турших юм.
 
Сайжруулсан түлшний нөөцийг тасалдуулахгүй, түгээлийг хэвийн явуулах, ард иргэдийг болзошгүй эрсдэлээс  урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллээр хангах, хяналт тавих чиглэлээр холбогдох албынхан хамтран ажиллахаар ажлын хэсгийг байгуулаад байна.
 
 
Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top