Афганистанд дэлбэрэлтийн үеэр ХҮҮХЭД амиа алджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

Афганистаны Нангархар мужийн Шерзад дүүрэгт дэлбэрэлтийн улмаас хүүхэд амиа алджээ. Дэлбэрэлтийн үеэр хоёр том хүн шархадсан байна.

TOLOnews-ийн мэдээлснээр машин дэлбэрсэн бөгөөд шархадсан хүмүүсийн нэг нь “Талибан” хөдөлгөөний гишүүн аж.

Дээрх халдлагын хариуцлагыг аль тал үүрэх нь тодорхой бус байгаа гэнэ.

Өмнө нь Афганистаны нийслэлд гар аргаар хийсэн тэсрэх төхөөрөмж дэлбэрч, хоёр хүн шархаджээ.

Талибууд хүний эрхийг зөрчив үү

Талибууд афган эмэгтэйчүүдийн эрх, сурч боловсрох орчин нь сайжирч байсныг дордуулсан билээ. Тэд шинэ дүрмээрээ Афганистаны их сургуулиудыг хүйсээр тусгаарлаж, хувцаслалтын шинэ дүрэм гаргасан. Эмэгтэйчүүдийн сурах эрх нээлттэй ч эрчүүдтэй хамт суралцахгүй. Сургалтын хөтөлбөрийг нь мөн эргэн харна гэжээ. Эмэгтэй оюутнууд хижаб өмсөж, нүүрээ халхлах тусгай өмсгөл зүүх аж.

Үүнээс өмнө 2001 онд талибуудын дэглэмийг унагасны дараа эмэгтэй сурагчдын тоо 0-2.5 саяд хүрсэн байжээ. 10 жилийн дотор бичиг үсэгт тайлагдсан эмэгтэйчүүдийн эзлэх хувь 30 хувьд хүрсэн байна.

АНУ, Турк Афганистаны аюулгүй байдлын талаар ярилцав

“Талибан” хөдөлгөөний хяналтад орсон Афганистан улсад гадны орнууд хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байгаа билээ. Мөн тус улсад үүссэн хямралыг хэрхэн арилгах талаар олон улсын байгууллага, дэлхийн том гүрнүүд яриа хэлэлцээ хийж буй. Хамгийн сүүлд АНУ болон Туркийн албаныхан Афганистаны нөхцөл байдлын талаар ярилцжээ.

АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын хорооны тэргүүн Марк Милли болон Туркийн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Яшар Гюлер нар Афганистанаас цэргийн хүчээ гаргах талаар ярилцаж, тус улсад үүсээд байгаа хямрал, аюулгүй байдлын асуудлыг хөнджээ.

Милли, Гюлер нар мөн Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаар хэлэлцсэн байна.

“Их 20” афган эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална

Түүнчлэн “Их 20”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар энэ долоо хоногт цахимаар хуралдаж, Афганистаны асуудлыг хэлэлцэх юм. Тэд Афганистаны засгийн эрхийг гартаа авсан “Талибан” хөдөлгөөнтэй хэрхэн яриа хэлэлцээ хийх талаар санал солилцох аж.

Мөн Афганистаны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг хэлэлцэж, дүрвэх хүсэлтэй иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах талаар санал солилцох юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top