Афганистанд эмэгтэй сурагчдыг хичээлдээ ирэхийг ЗӨВШӨӨРСӨНГҮЙ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

“Талибан” хөдөлгөөн Афганистаны засгийн эрхийг авснаар 2001 оноос хойш сэргэж байсан афган эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрх зөрчигдлөө. Талибууд шинэ дүрмээрээ Афганистаны их сургуулиудыг хүйсээр тусгаарлаж, хувцаслалтыг нь өөрчилсөн юм.

Афганистанд өнгөрсөн бямба гарагт дунд сургуулийн хичээл эхэлсэн ч Талибаны засгийн газар “Сургуульд зөвхөн эрэгтэй сурагчид, эрэгтэй багш нар ирэхийг зөвшөөрнө. Багш, сурагчдыг хүйсээр нь хэрхэн ялган тусгаарлах журам тодорхой болсны дараа охидын сургуулийг нээнэ” гэжээ.

2001 онд талибуудын дэглэмийг унагасны дараа бага сургуулийн эмэгтэй сурагчдын тоо бараг тэгээс 2.5 саяд хүрсэн байсан юм. Өнгөрсөн 10 жилд бичиг үсэгт тайлагдсан эмэгтэйчүүдийн эзлэх хувь 30 хувьд хүрсэн байна. Талибуудыг засгийн эрхэнд гарахаас өмнө Афганистаны дунд сургуулиудад 13-18 насны охид, хөвгүүд суралцдаг байв. Сурагчдыг хүйсээр нь ялган тусад нь сургах явдал хөдөө орон нутагт л байжээ.

Тэгвэл Талибаны засгийн газрын Боловсролын сайд Абдул Баки Хаккани Афганистаны их сургуулиудыг хүйсээр тусгаарлах талаар мэдэгдэж, эмэгтэйчүүдийн сурах эрх нээлттэй ч эрчүүдтэй хамт суралцахгүй гэсэн юм. Мөн сургалтын хөтөлбөрийг нь эргэн харна гэжээ.

1996-2001 оны хооронд талибуудын дэглэмийн үед эмэгтэйчүүд, охидыг сургуульд суралцахыг хориглож байсан юм. Афганистанчууд одоо 1996-2001 онд тогтож байсан Талибаны дэглэм дахин сэргэхээс болгоомжилж байна. Афганистаны сургуулиуд эрэгтэй, эмэгтэй сурагчдыг салангид хичээллүүлэх хангалттай нөөцгүй тул эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрх хязгаарлагдана гэж ажиглагчид үзэж байна.

Талибаны засгийн газар мөн эмэгтэйчүүдийн хэрэг эрхлэх яамыг татан буулгаж, оронд нь шашны суртал ном дэлгэрүүлэх зорилготой яам байгуулжээ.

Афганчууд одоо бүх зүйл 1990-ээд оны Талибаны дэглэмийг санагдуулж байна хэмээн ярьж байна. 1990-ээд онд бичиг үсэггүй эмэгтэйчүүдийн бүтэн үе бий болсон байжээ. Саяхныг хүртэл Афганистаны хөдөөд насанд хүрсэн хүн амын 60 хувь нь бичиг үсэгт тайлагдаагүй байв. ЮНЕСКО-гийн мэдээллээр 2017 оны байдлаар хөдөө орон нутагт эмэгтэйчүүдийн 90 хувь нь бичиг үсэггүй, 15-аас дээш насны эрэгтэйчүүдийн 63 хувь нь бичиг үсэггүй байжээ. Тухайн онд бичиг үсэггүй афганчуудын нийт тоо 11 саяыг давж байсан бөгөөд энэ нь тус улсын хүн амын 34 хувь нь аж.

Бичиг үсэггүй байдал нь Афганистан улс ямар нөхцөл байдалд байгааг илтгэнэ. Дайн дажнаар сүйдэж, барууны орнууд дотоод хэрэгт нь оролцсон Афганистан улсын нөхцөл байдал талибууд засгийн эрхэнд гарснаар улам доройтож эхэллээ.

Харин талибууд энэ удаад засгийн эрхэнд гарахдаа охид, эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших, ажил хөдөлмөр хийх эрхийг хамгаална гэж амлаж буй. Талибаны засгийн газрын Боловсролын сайд Абдул Баки Хаккани “Афганистанд эмэгтэй багш хангалттай бий. Шаардлагатай тохиолдолд эрэгтэй багш нар хөшигний араас хичээл заана. Шинэ технологи ашиглах боломж ч бий” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (162.158.210.8) 2021 оны 09 сарын 21

Ene tenegvvdiig yagaad bvrmoson daraagvi yum be usa

0  |  0
ganaa(155.4.39.118) 2021 оны 09 сарын 20

yana daa yana

0  |  0
ganaa(155.4.39.118) 2021 оны 09 сарын 20

yana daa yana

0  |  0
ganaa(155.4.39.118) 2021 оны 09 сарын 20

yana daa yana

0  |  0
Top