НҮБ-ын Ерөнхий ассамблейн өндөр түвшний долоо хоног маргааш эхэлнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит 76-р чуулган энэ сарын 14-нд Нью Йорк хотод албан ёсоор ажлаа эхлүүлээд байна. Коронавирусний цар тахлаас үүдэн 2020 онд цахим хэлбэрээр болж байсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн энэ удаагийн чуулган холимог хэлбэрээр болж буйгаараа өмнөх арга хэмжээнүүдээс онцлог болж байна.

Маргааш /2021.09.21/ өндөр түвшний долоо хоног албан ёсоор эхэлнэ. Чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт 83 орны төрийн тэргүүн, 43 засгийн газрын тэргүүн, 23 орны гадаад хэргийн сайд нар оролцох юм.

Энэ удаагийн чуулганы анхаарлын төвд Афганистан дахь нөхцөл байдал байна. Төрийн эрхийг аваад буй “Талибан” хөдөлгөөн улс орондоо хэв журам тогтоож, төрийн байгууллагын үйл ажиллагаа болон эдийн засгаа сэргээхээр ажиллаж байна. Гэсэн хэдий ч хүмүүнлэгийн нөхцөл байдал туйлын хүнд байгаа бөгөөд шинэ эрх баригчдыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх эсэх асуудал бүрхэг байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Тиймээс НҮБ энд ямар үүрэг гүйцэтгэх нь хэлэлцүүлгийн гол сэдвүүдийн нэг болоод байна. Ирэх арав, арваннэгдүгээр сард Итгэмжлэх хороо Афганистанаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн асуудлыг шийдэх юм. Одоогоор Афганистаны өмнөх засгийн газраас томилогдсон Гулям Исхакзай Афганистаныг төлөөлж байгаа юм.

Хүний бөөгнөрөл үүсэхээс зайлсхийх үүднээс энэ жил хоёр талын уулзалтуудыг тухайн улсын элчин сайдын яаманд зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн, НҮБ-ын төв байранд бүгд амны хаалт зүүж, вакцинжуулалтын талаарх мэдээлэл өгөх ёстой.

Гол гол арга хэмжээнд оролцох төлөөлөгчдөд вакцинд хамрагдсан байх шаардлага тавихгүй хэдий ч вакцин хийлгээгүй болон АНУ-д зөвшөөрөгдөөгүй вакцин хийлгэсэн хүмүүс зарим төрлийн хязгаарлалттай нүүр тулах аж. Тухайлбал, вакцины гэрчилгээ шаардаж буй кафе, ресторанд ороход хүндрэл үүсэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top