Байден: АНУ дэлхийг хуваахыг хүсдэггүй

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 22

Вашингтон шинэ хүйтэн дайн, дэлхийн хуваагдалд тэмүүлдэггүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулган дээр мэдэгджээ.

АНУ асуудлыг шийдэхийг зорьж буй бүхий л улс оронтой хамтарч ажиллахад бэлэн гэж тэрбээр онцолсон байна.

Жо Байден НҮБ-ын индэр дээрээс эцэс төгсгөлгүй дайны эрин үе төгсөж, цуцашгүй дипломат бодлогын эрин үе эхэлж буйг зарлалаа. Түүний хэлснээр, цэргийн хүч ашиглах нь сөргөлдөөнийг шийдвэрлэх хамгийн сүүлчийн хэрэгсэл, аливаа асуудлыг шийдвэрлэх шийдэл биш. АНУ өөрийгөө хамгаалах болно, үүний тулд хүч хэрэглэхэд бэлэн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гэхдээ аливаа цэргийн ажиллагаа тодорхой, биелэгдэх боломжтой байх ёстой гэж Байден мэдэгджээ.

Тэрбээр дэлхийн хамтын нийгэмлэгт хандан ээлжит цар тахалд бэлдэхийг уриалав. Өнөөдөр дэлхийн бүх улс орнууд сонголтын өмнө тулж ирээд байна. Бид хамтдаа хүний амь насны төлөө тэмцэх үү, ковидыг ялахын тулд нэгдэх үү, өөрсдийгөө дараагийн цар тахлаас хамгаалахын тулд шаардлагатай алхмуудыг хийх үү гэсэн сонголт тулгараад байна. Эс тэгвээс илүү аюултай вирустэй нүүр тулахад бидэнд буй мэдлэг, арга хэрэгслээ ашиглаж чадахгүй гэж Цагаан ордны тэргүүн онцлов.

Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хүнд сонголт бий. Дэлхийн хамтын нийгэмлэг байгалийн сорилтуудыг сөрж зогсох эсвэл улам бүр эрчимжиж буй ган гачиг, үер, ой хээрийн түймэр, хар салхины улмаас хохирсоор байх уу гэдгийг шийдэх шаардлагатай байна. Тиймээс дэлхийн хамтын нийгэмлэг хэзээ хэзээнээс илүү нягт хамтран ажиллах хэрэгтэй байна гэж Байден мэдэгджээ. Түүний хэлснээр, бидний амжилт бусдын амжилтаас хамаарна. Ирээдүйн төлөө хамтран ажиллах учиртай. Тэрбээр АНУ-ын төрийн тэргүүний албыг хүлээн авахдаа эвслийг бэхжүүлэх, тэр дундаа ЕХ-той түншлэлээ бэхжүүлэх энэ тэргүүний зорилт тавьсан гэв.  

Байден Тегеран Ираны цөмийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлбэл АНУ энэ гэрээнд дахин нэгдэхэд бэлэн байна гэж мэдэгдэв. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн хувьд АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөө ажиллах болно гэж Байден онцолжээ. Үүний тулд дипломат арга хэрэгслийг дайчлах болно гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн олон улсын хамтын нийгэмлэгт хандан Оросын Чечнягаас авахуулаад Африкийн Камерун хүртэл дэлхий даяар бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалахыг уриалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top