Афганистаны шашны цөөнх шиитүүдийн төлөөлөл болох хазарачууд талибууд хэрцгийллээ зогсоох амлалтаа биелүүлэхгүй бол тэдний эсрэг зэвсэг барин тэмцэхэд бэлэн гэж хазарачуудын зөвлөлийн тэргүүн, Афганистаны дэд ерөнхийлөгч асан Мохаммад Карим Халили ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Талибуудын бүрдүүлсэн түр засгийн газар бусад улс төрийн хүчин, үндэсний цөөнхийн төлөөлөгчдийг оруулаагүй. Хэрэв энэ үйл явц үргэлжилбэл хазарачууд тажик, узбек зэрэг үндэсний цөөнхтэй мөр зэрэгцэн тулааны талбарт эргэн ирэх болно гэж Халили онцолсон байна.
Тэрбээр төрийн эрхэнд ирсэн “Талибан” хөдөлгөөн өнгөрсөн зууны 90-ээд оны үйл явдлаас сургамж авч, олон улсын хамтын нийгэмлэгийн шахалтан дор засгийн газраа бүрдүүлэхдээ олон талын оролцоог хангаж, харгислалаасаа татгалзан, ард иргэддээ өөрийн хүсэл зоригоо тулгалгүй, иргэний дайн дэгдэхээс зайлсхийнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Амь нас, эрхээ хамгаалахын тулд биднийг зэвсэгт тэмцлийн замд ороход хүргэх хэрэггүй гэж Халили сэрэмжлүүлжээ. Түүний хэлснээр, Афганистанд үүсээд буй нөхцөл байдал зөвхөн дотоодын асуудал төдийгүй дэлхий дахины аюулгүй байдалд заналхийлж бус асуудал юм.
Афганистаны Ерөнхийлөгч асан Ашраф Ганийн Засгийн газар улс төрийн бүх хүчин, үндэсний цөөнхийн төлөөллийн эрх ашигт нийцсэн засгийн газар бүрдүүлэх тухай Үндэсний эвлэрлийн дээд зөвлөл, “Талибан” хөдөлгөөний хооронд хүрсэн тохиролцоог нураасан. Гани эх орноо нууцаар орхин гарснаар талибуудад ноёрхох нөхцөлийг бүрдүүлсэн гэж Халили тайлбарлажээ.
Мохаммад Карим Халили 2004-2011 онд Хамид Карзайн засаг захиргааны үед Афганистаны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан ба 2017 оноос хойш Үндэсний эвлэрлийн дээд зөвлөлийг тэргүүлж байжээ. Хазарачуудын ашиг сонирхлыг төлөөлдөг Афганистаны исламын эв нэгдэл намын даргын хувьд тэрбээр хазарачууд, талибуудын хоорондын сөргөлдөөнийг зөвшилцөл, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхээр зүтгэж байжээ.
Хазарачууд нь Афганистаны хамгийн олон хүн амтай үндэсний цөөнхийн нэг юм. Ихэнх хазарачууд Кабул, Герат муж болон тус улсын хойд хэсэгт амьдардаг. Шашны хувьд тэд шиит урсгалыг дагадаг. Афганистан улсад хүн амын тооллого хэзээ ч явагдаж байгаагүй тул тэдний тоо нарийн тогтоогдоогүй байна. Халилигийн хэлснээр, хүн амын тоогоор хазарачууд Афганистанд гуравт бичигддэг байна. Тус улсад 40 жил үргэлжилсэн дайны үеэд олон сая хазара үндэстэн эх орноо орхин гарч, өдгөө Иран, Пакистан, Австрали, Хойд америк, Европын орнуудад амьдарч байна.
1990-ээд оны үеэр хазарачууд тажик, узбекүүдийн хамтаар Хойд эвслийн бүрэлдэхүүнд талибуудын эсрэг тулалдаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )