НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76-р чуулганы өндөр түвшний долоо хоногийн үеэр нийт 100 улсын төрийн тэргүүн, гурван дэд ерөнхийлөгч, 52 орны засгийн газрын тэргүүн, 34 улсын сайд нар НҮБ-ын индрээс үг хэллээ гэж НҮБ-ын Ерөнхий ассамблейн дарга Абдулла Шахид долоо хоногийг хааж, хэлсэн үгэндээ тэмдэглэжээ.
Өнгөрсөн долоо хоногт нийт 194 дээд, өндөр түвшний төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий ассамблейн ерөнхий хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлснээс 18 нь эмэгтэйчүүд байв. Нийт 60 улсын төрийн тэргүүн тус арга хэмжээнд биечлэн оролцохоос татгалзаж, цахим хэлбэрээр үг хэлжээ. Абдулла Шахид 70 орны төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзалт хийсэн тухай дурджээ.
Түүний хэлснээр, өндөр түвшний долоо хоногийн 93 оролцогч Нью Йоркийн тавьсан коронавирусний эсрэг вакцин хийлгэх саналыг хүлээн авч, вакцин тариулсан бол 843 оролцогч коронавирусний шинжилгээнд хамрагдсан байна.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээрээс БНСУ-ын “BTS” хамтлагийн үг хэлж буй дүрс бичлэгийг нийт 6.4 сая үзэгч үзжээ. Тэд дэлхийн өнцөг булан бүрт байгаа залууст хандан коронавирусний эсрэг вакцинд хамрагдаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд нэгдэхийг уриалсан юм. Тэдний дүрс бичлэг НҮБ-ын YouTube сувгийн түүхэнд хамгийн их хандлага авч, 2014 онд жүжигчин Эмма Уотсоны тогтоосон дээд амжилтыг эвджээ.
Сэтгэгдэл ( 0 )