Талибууд Захир Шах хааны үеийн Үндсэн хуулийг дагана

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 28

Афганистаны төрийн эрхийг аваад буй “Талибан” хөдөлгөөн Мухаммед Захир Шах /1933-1973/ хааны үед үйлчилж байсан Үндсэн хуулийг түр хугацаанд дагана гэж  талибуудын түр засгийн газрын хууль зүйн сайд Абдул Хаким Шариа мэдэгджээ.

Ингэхдээ шариатын хуульд харшилсан заалтуудыг дагаж, мөрдөхгүй гэж тэрбээр тодруулсан байна.

1964 онд Захир Шах тэргүүтэй Бүх Афганы омгийн ахлагч нарын зөвлөл буюу Лоя Жирга Афганистаны шинэ Үндсэн хууль баталсан нь тус улсын түүхэн дэх хамгийн ардчилсан үндсэн хуулиудын нэгд тооцогддог. Эл Үндсэн хуульд шашны хэм хэмжээ, зан үйлийг иргэд чандлан сахих үүрэггүй гэж заажээ. Үүний сацуу, шашны үүргийг нийгмийн гол гол салбар, тэр дундаа шүүхийн салбарт хязгаарласнаас гадна Афганистаны парламент анх удаа засгийн газарт итгэл үл үзүүлэх эрхтэй болж байжээ.

2001 онд талибуудын төрийн эрхээс буулгасны дараа Афганистаны шилжилтийн засгийн газар 1964 оны Үндсэн хуулийг мөрдөж эхэлсэн бол 2002-2004 онд Лоя Жирга Захир Шахын үед баталсан Үндсэн хуулийн хэд хэдэн ардчилсан заалтыг тусгасан шинэ Үндсэн хууль баталж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top