Афганистаны Ерөнхийлөгч асан Гани эх орноосоо хэрхэн зугтаасныг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 03

Афганистаны Ерөнхийлөгч асан Ашраф Гани өнгөрсөн наймдугаар сард эх орноосоо зугтаахдаа Узбекистаны нутаг дэвсгэрээр дамжин, Арабын Нэгдсэн Эмирт Улс руу Казахстаны нисэх онгоцоор очсон тухай Афганистаны “Hasht e Subh Daily” хэвлэл “Flightradar” сервисийн мэдээлэл болон эх сурвалж дурдан мэдээлжээ.

Наймдугаар сарын 15-нд эх орноосоо гарахын тулд Гани онцгой тохиолдолд ашиглах зориулалт бүхий Ерөнхийлөгчийн ордны гадаа байсан хэд хэдэн нисэх онгоцыг ашигласан байна.

Узбекистаны Термез хотод дөрвөн нисэх онгоцоор буусан 54 хүний 22 нь Афганистаны Нисэх хүчний нисгэгч, хоёрдугаар нисгэгч болон техникийн ажилтан байсан бол 22 нь Ерөнхийлөгчийн бие хамгаалагчид байжээ. Тэд бүгд паспортгүй байсан гэж эх сурвалж онцолсон байна.

Узбекистанд Гани болон түүнийг дагалдан явсан хүмүүс нэг хоног Узбекистаны цэргийнхний хяналт дор байсан бөгөөд өөр хоорондоо ярилцахыг нь хориглосон гэнэ. Термезийн нисэх онгоцны буудалд 31 цаг тодорхойгүй байдалд өнгөрүүлсний дараа аль нэг улсын эсвэл компанийн таних тэмдэггүй цагаан өнгөтэй нисэх онгоц буусан байна. “Flightradar” сервисийн мэдээллээр, энэ нь Казахстаны агаарын тээврийн “FlyJet” компанийн онгоц байжээ. Энэ онгоцоор Ашраф Гани, дагалдан явсан хүмүүсийн хамтаар наймдугаар сарын 16-ны өдөр орон нутгийн цагаар 23.00 цагт Абу Даби хот руу хөөрсөн гэж тус хэвлэлд бичжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, онгоц 3.5 цаг нисэж, Абу Дабигийн нисэх онгоцны буудалд газардахад хэд хэдэн араб хүн Ганийг угтаж авсан байна. Ашраф Гани нисэх онгоцны буудлаас явснаас хойш дагалдан явсан хүмүүс нь түүнийг дахин хараагүй бөгөөд АНЭУ-ын албаныхан тэдэнд тус улсад амьдрах боломжгүй гэж анхааруулсан гэж эх сурвалж онцолжээ.

Өнгөрсөн наймдугаар сарын эхээр талибууд Афганистаны Засгийн газрын хүчний эсрэг дайралтаа идэвхжүүлж, наймдугаар сарын 15-нд Кабул хотод орж, маргааш өдөр нь дайн дууссан тухай зарласан билээ. Мөн сарын сүүлийн хоёр долоо хоногт АНУ-ын цэргийн хамгаалалт дор байсан Кабулын нисэх онгоцны буудлаас барууны улс орнуудын иргэд болон тэдэнтэй хамтран ажиллаж байсан афганчуудыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явсан. Наймдугаар сарын 31-нд АНУ-ын цэргүүд Кабулын нисэх онгоцны буудлыг орхисноор 20 жил Афганистанд үргэлжилсэн АНУ-ын цэргийн ажиллагаа дуусгавар болсон юм. Есдүгээр сарын эхээр Афганистаны түр Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарласан бөгөөд тэргүүнээр нь 2001 оноос хойш НҮБ-ын хар жагсаалтад ороод буй Мохаммад Хасан Ахундыг томилсон билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Llmööö(84.132.158.185) 2021 оны 10 сарын 06

Novshiig buudchihgui

0  |  0
Top