Катарын ард иргэд түүхэндээ анх удаа Межлис Аш Шура /парламентын үйл ажиллагаатай зөвлөл/-ийн гишүүдийг сонголоо. Санал хураалтын дүнгээр нэг ч эмэгтэй нэр дэвшигч ялалт байгуулж чадаагүй гэж сонгуулийг ажиглах комиссын тэргүүн Мажид аль Хулейфи мэдээлжээ.
Межлис Аш Шурагийн сонгуулийн санал хураалт өнгөрсөн бямба гарагт /2021.10.02/ тус улсын эмир Тамим бин Хамад аль Танигийн зарлигийн дагуу болжээ. Олон жил хойшлуулсны эцэст тэрбээр Межлис Аш Шурагийн 45 гишүүний 30-ыг нь санал хураалтаар сонгох шийдвэр гаргасан юм.
Санал хураалтын ирц 63.5 хувьтай байжээ. Парламентын 30 суудлын төлөө 233 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 26 нь эмэгтэйчүүд байв.
Межлис Аш Шура зөвлөл 1972 онд эмир Халифа бин Хамад Аль Танигийн үед байгуулагдаж, 20 гишүүнээс бүрддэг байжээ. Бүх гишүүнийг төрийн тэргүүн томилдог байсан түүхтэй. 2003 онд баталсан Катарын анхны байнгын Үндсэн хуулийн дагуу парламентын 30 гишүүнийг сонгож, 15 гишүүнийг эмир томилдог болсон байна. Гэсэн хэдий ч зөвхөн эмирийн томилсон гишүүд хуралддаг байсан бөгөөд сонгуулийг хэд хэдэн удаа хойшлуулж байжээ. Хамгийн сүүлд 2013 онд “Арабын хаврын” үйл явдалтай зэрэгцэн Катарын эмир Хамад бин Халифа аль Тани 2011 онд сонгууль явуулах тухай шийдвэр гаргаж байсан ч хожим нь Межлис Аш Шурагийн бүрэн эрхийн хугацааг сунгасан байна.
Тус улсын Үндсэн хуулийн дагуу, Межлис Аш Шура зөвлөл сонгуулийн дараа албан ёсоор хууль тогтоох байгууллагын статустай болох учиртай. Гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд 30 гишүүнийг мажоритар системийн дагуу шууд, нууц санал хураалтаар сонгоно. Парламентад өвөг дээдэс нь 1930 оноос хойш тус улсад оршин сууж байсан Катарын уугуул иргэд нэр дэвших эрхтэй бол санал хураалтад өмнө нь ял эдэлж байгаагүй, 18-аас дээш насны уугуул иргэд оролцох эрхтэй юм.
Сэтгэгдэл ( 0 )