“Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт асуудал тодорхойлох уулзалтууд энэ сарын 5, 6-ны өдрүүдэд цахимаар болох аж. Тус арга хэмжээг Швейцарын Хөгжлийн Агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлээс санхүүжүүлэн, Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж, ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх нь төслийн хүрээнд зохион байгуулах юм байна.
Цахим хэлэлцүүлгийн зорилго нь Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа иргэдэд төсвийн хөрөнгө оруулалтын тухай мэдээллийг ил тод, нээлттэй, ойлгомжтой хэлбэрээр хүргэх, түүнчлэн иргэдээс санал хүсэлт хүлээн авах, үнэлгээ өгөх боломж бүхий технологийн боломжит шийдэл буюу платформын загварыг гаргах аж.
Хоёр өдрийн цахим хэлэлцүүлгийн эхний өдрийн уулзалтад Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалт, Төрийн сан, Санхүүгийн хяналт, эрсдлийн удирдлага, Мэдээллийн технологи зэрэг газрын мэргэжилтнүүд болон Үндэсний хөгжлийн газар, Аудитын үндэсний газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг төрийн дээд удирдах байгууллагуудын, мөн МУИС, СЭЗИС, Удирдлагын академи зэрэг шинжлэх ухааны байгууллагуудын төлөөлөл оролцоно.
Харин хоёр дахь өдрийн асуудал тодорхойлох хэлэлцүүлэг орон нутгийн түвшний асуудлуудыг хэлэлцэх бөгөөд нийт 16 аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцох аж.
Сэтгэгдэл ( 0 )