Ковидын эрсдэлийг бууруулах зорилгоор энэ онд төсвийн зардлыг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэн тодотгосны тэн хагас нь Эрүүл мэндийн салбар руу шууд чиглэсэн санхүүжилтүүд байсан билээ.
Гэвч тодотгол батлагдсанаас хойш гурван сарын хугацаанд цар тахлын нөхцөл байдал илүү хүндэрсэн. Тэр хэрээр эрүүл мэндийн салбарт цаашид шаардагдах зардын хэмжээ өсч байна. Ер нь ковидоос үүдэн нийгмийн эрүүл мэнд байнга эрсдэлд байж, эрүүл мэндийн салбарын төсөв ч жилээс жилд өсч буй юм.
Тэгвэл ирэх 2022 оны төсвийн төсөлд эрүүл мэндийн салбарын төсвийг хэрхэн тусгаад буйд анхаарал хандуулъя.
2022 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 1,450.8 тэрбум төгрөг байхаар тооцжээ.Засгаас өгч буй мэдээлэлд “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2021 оноос нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж улсын төсвөөс эрүүл мэндийн даатгалын санд тусламж, үйлчилгээний санхүүжилтийг шилжүүлж байна. Үүний дагуу эрүүл мэндийн даатгалын сангийн орлогод улсын төсвийн шилжүүлэг, эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого аж, ахуйн нэгж байгууллага, төсөвт байгууллага болон даатгуулагчаас төлөх шимтгэлийн орлогыг тус тус тусгалаа” гэж байна.
Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлагын тухайд дараах мэдээллийг өгч байна. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нэг иргэний тарифаар тооцох зардлыг тусгасан. Бүх шатны эмнэлгийн иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүн, гүйцэтгэлээр олгох санхүүжилтэд нийт 1,358.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.9, 15.1.11, 15.1.13-д тус тус заасан эрүүл мэндийн байгууллагын эмчийн бичсэн жороор хөнгөлөлттэй олгох эмийн нэр төрөл, жагсаалтын дагуу олгох эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 67.3 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангийн эрсдэлийн сангийн хөрөнгийг 40.0 тэрбум төгрөг байхаар тус тус тооцжээ.
Тодруулбал, төсвийн ерөнхийлөн захирагч буюу Эрүүл мэндийн сайдад ирэх онд 1,481,3 тэрбум төгрөгийн төсөв зарцуулах эрх олгохоор төсөлд тусгаад байна.
Мөн төсвийн төсөлд Эрүүл мэндийн даатгалын сангийн Капитал банкнаас авах авлагыг барагдуулахаар тооцож тусгажээ.
Тодотгоход, энэ оны төсвийн тодотголоор баталсан мөнгөнөөс ковидын эмчилгээнд шаардлагатай байсан тоног төхөөрөмжүүдээ худалдан авсан байх ёстой. Тухайлбал, тэрбум төгрөгийг нь халдварын тархалт нэмэгдсэнтэй уялдан гарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор шаардлагатай ECMO, CRRT, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, нийслэлд нэмэлтээр ковидын 2,000 ор дэлгэхэд шаардагдах зардалд зарцуулна гэж Сангийн яамнаас мэдэгдэж байсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
1.4 их наяд юм уу, тэрбум юм уу