2019 онд анх 10 их наядыг давсан улсын төсөв хоёр жилийн дараа 20 их наяд хүрэх нь

2021 оны 10 сарын 08

УИХ ирэх долоо хоногоос 2022 оны төсвийг хэлэлцэнэ. Засгийн газраас өргөн барьсан төсөлд ирэх онд Монгол Улс 16.4 их наяд төгрөгийн орлого олж, 18.1 их наяд төгрөгийн зардал гаргахаар тооцсон байгаа. Энэ нь цар тахлын эрсдэл өндөр үед орлого, зарлагаа хэт өөдрөгөөр төсөөллөө гэсэн шүүмжийг талуудаас дагуулж буй.

 

Харин Засгийн газраас ирэх онд эрдэс бүтээгдэхүүний үнэ тогтвортой, хөл хориогүй, 10 их наядын хөтөлбөр үргэлжилсэн хэвээрээ байна гэж үзэж, ийм орлого, зарлагыг тусгасан гэж тайлбарлаж байгаа.

Засгийн газраас тооцоолсон 2023-2024  оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг харахад ирэх жилүүдэд төсвийн тэлэлт үргэлжилсээр байх нь. Тодруулбал, төсвийн зарлагыг дараах байдлаар тооцоолжээ.

 

ТӨСВИЙН ЗАРЛАГА:

 

  • 2023 онд 19,040.7 тэрбум төгрөг

 

  • 2024 онд 20,523.9 тэрбум төгрөг буюу 20 их наядыг давах төсөөлөлтэй байна.

 

ТӨСВИЙН ОРЛОГО:

 

  • 2023 онд 17,168.9 тэрбум төгрөг

 

  • 2024 онд 18,880.6 тэрбум төгрөг байхаар төсөөлжээ.

Тодотгоход, Монгол Улсын төсөв 1960-аад онд  анх удаагаа тэрбумаар тоологдсон бол 2006 оноос их наядаар тоологдож эхэлсэн юм. Харин  2019 оноос анх удаа 10 их наядыг давсан бол 2020 онд түүхэнд анх удаа 14 их наяд төгрөг шүргэсэн зарлагыг хуульчилж байв. Түүнчлэн энэ 2021 оны төсвийн тухай хуулийг батлахдаа ч, зарлагыг  13.9 их наяд төгрөг байхаар баталсан байдаг.

Тэгвэл Засгийн газраас тооцоолсон 2023-2024  оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг  харахад,  Монгол Улсын төсөв 2019 оноос хойшхи  таван жилийн дотор 10 их наядын өсөлттэй байх нь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top