Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгчидтэй хэлэлцээ хийх Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийг ахалж буй ХЗХД-ийн сайд Х.Нямбаатар “Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болдод захидал илгээсэн талаар Financial Review мэдээллээ.
Х.Нямбаатар захидалдаа Далд уурхайн зардал хэтрэлт, хугацаа хойшилсон асуудлаарх хөндлөнгийн шинжээчдийн гаргасан дүгнэлттэй холбоотойгоор “Рио Тинто”-гоос өгч буй хариу тайлбарт урам хугарч буйгаа, талуудын хэлэлцээрт ахиц гарахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн хэмээн мэдээлэлд дурджээ.
“Оюу Толгой” компанийн ТУЗ дахь Засгийн газрын төлөөлөл хүчин чармайлт гарган ажиллаж буй ч, хэлэлцээрт үр дүн гарахгүй байна. Төслийн далд уурхайн зардал хэтэрч, үйл ажиллагаа эхлэх хугацаа хойшилсноос үүдэн гарах үр дагаврыг Монгол Улсын Засгийн газар, ард иргэд хариуцахгүй хэмээн Х.Нямбаатар сайд захидалдаа өгүүлсэн.
“Рио Тинто”-гийн зүгээс далд уурхайн зардал хэтрэлт, хугацаа хойшилсон асуудлыг геотехникийн нөхцөл байдал, цар тахлын сөрөг нөлөөлөл зэрэгтэй холбон тайлбарлаж байгаа бол Тусгай хорооноос гаргасан хараат бус дүгнэлт, тайланд “Рио Тинто”-гийн менежментийн алдаатай холбон тайлбарласан талаар мэдээлэлд дурджээ.
Сануулахад, “Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр байгуулагдсан хөндлөнгийн шинжээчдээс бүрдсэн Тусгай хороо далд уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтэрсэн нь геотехникийн шалтгаан нөхцлүүдээс болоогүй, “Рио Тинто”-гийн менежментийн алдаатай холбоотой гэсэн дүгнэлтийг өнгөрсөн наймдугаар сард гаргасан юм.
Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсны дараа буюу өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр ТУЗ-ийн хурал болсон ч, “Рио Тинто”-гийн Зэсийн группын гүйцэтгэх захирал Б.Болд өөрийнхөө оронд өөр хүн явуулсан учраас далд уурхайн асуудлаар хөндлөнгийн шинжээчдийн гаргасан тайлан, дүгнэлттэй холбоотой албан ёсны хариултыг ТУЗ-ийн гишүүд “Рио”-гоос авч чадаагүй.
Өнгөрсөн есдүгээр сарын 7,8-ны өдрүүдэд ТУЗ хуралдах товтой байсан ч, “Рио Тинто”-гийн хүсэлтээр түр завсарласан. Мөн өнгөрсөн сарын 29-ний өдөр товлогдсон хурал хойшилсон.
Компанийн ТУЗ-д тодорхой мэдээлэл өгөхөөс удаа дараа татгалзсан “Рио Тинто” Монголын Засгийн газарт далд уурхайн зардлын хэтрэлттэй холбоотой тайлбараа өнгөрсөн сарын сүүлээр ирүүлсэн. Хэлэлцээ хийх Ажлын хэсгийг ахалж буй ХЗХД-ийн сайд Х.Нямбаатар “Рио Тинтогоос Оюутолгойн зардлын хэтрэлттэй холбоотой тайлбараа ирүүлсэн” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Харин ирүүлсэн тайлбарт нь сэтгэл хангалуун бус байгаа талаарх мэдээллийг ийнхүү гаднын хэвлэлүүд мэдээлж байна.
Төслийн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газар далд уурхайн үйл ажиллагааг есдүгээр сард багтаан эхлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан.Харин төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто”-гийн зүгээс далд уурхайн зардлын 1.4 тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийг “Оюу Толгой” компанийн ТУЗ батлах ёстой гэсэн байр суурийг зөрүүлэн илэрхийлсэн.
Нэг ёсондоо аль аль талаас харилцан “шахалт” үзүүлж байгаа гэсэн үг. Түүнчлэн “Рио Тинто”, “Туркойз Хилл” өмнө нь манай Засгийн газрын тэргүүнд хаяглан захидал ирүүлж байсан бол энэ удаад Х.Нямбаатар сайд “Рио Тинто”-гийн Б.Болд руу захидал илгээжээ.
Сэтгэгдэл ( 0 )