БНАСАУ дайсагнасан хүчийг эсэргүүцэн хамгаалах хүчээ бэхжүүлсээр байх болно гэж тус улсын удирдагч Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын 76 жилийн ойд зориулсан батлан хамгаалах салбарын үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ онцолсон тухай Солонгосын мэдээллийн төв агентлагийн /KCNA/ мэдээлжээ.
Ким Жон Ун “Бидний дайсан бол Өмнөд Солонгос, АНУ гэсэн тодорхой улс орон, хүч биш, харин дайн өөрөө юм. Гэсэн хэдий ч бидний энхийн төлөөх хүчин чармайлт нь өөрийгөө батлан хамгаалах эрхээс татгалзаж байна гэсэн үг огт биш юм” гэжээ.
Тэрбээр Сөүл, Вашингтоныг хамтарсан цэргийн сургуулилт хийж, шинэ зэвсэглэл бүтээж буйг буруутгасан байна. АНУ нь Хойд Солонгосын талаар дайсагнасан байр суурь баримталдаггүй гэж байнга ярьдаг ч Вашингтоны үйлдэл үг хоёр нь эрс зөрдөг гэж Ким Жон Ун онцолжээ. БНАСАУ хойч үеийнхээ төлөө хүчтэй байх ёстой гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр тус улсад нүүрлэж буй цэргийн заналхийлэл арав, тав эсвэл гурван жилийн өмнөхөөс өөрчлөгдөж буйг онцлоод зөвхөн АНУ-ын байр сууриас болж Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг зохицуулахад амаргүй байна гэжээ. Ким Жон Ун мөн Сөүлийг хоёр нүүр гарган, энх тайван, хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтийн тухай ярьдаг атал цэргийн хүчээ зузаатгаж байна гэж шүүмжилжээ.
Хэрэв Өмнөд Солонгос тус улсын өөрийгөө батлан хамгаалах эрхэнд халдсан хэвээр байвал Пёньян шийдвэртэй хариу өгөх болно гэв. Ингэхдээ тэрбээр элэг нэгтнүүдийн хооронд болсон мөргөлдөөний аймшигт түүх дахин давтагдах ёсгүй гэж онцлон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл ( 0 )