2022 оны улсын төсөвтэй холбоотой сайдуудын БАЙР СУУРЬ

2021 оны 10 сарын 14

Засгийн газрын сайдууд 2022 оны төсвийн төслийн талаар эдийн засаг болон улс төрийн албаны сэтгүүлчидтэй уулзан, асуултад хариулж, мэдээлэл өглөө.

Тус уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар оролцов. Энэ үеэр хэд хэдэн зүйлийг онцлон хэлсэн юм.

ЖИЛ БҮР ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНД 450 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРДӨГ

 

Эрүүл мэндийн салбартай холбоотой цаг үеийн асуултуудад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариулав. Тэрбээр найман сая төгрөгийн багцын асуудал болон эрүүл мэндийн салбарын шинэчлэлтэй холбоотой хэд хэдэн асуултад тайлбар өглөө.


-Өмнөх Эрүүл мэндийн сайд цахим шилжилтийн талаар ярьж байсан. Түүнийг үргэлжлүүлэхгүйгээр дараа дараагийн сайд цахим шинэчлэл гээд дахин өөрөөр гаргаж ирэн хэрэгжүүлэх юм. Өмнөх төслүүдээ дэмжээд явж болдоггүй хэрэг үү?

-Таван жилийн өмнө Дэлхийн банкны санхүүжилтээр цахим шилжилтийн төслийг дэмжсэн. Энэ төсөл тодорхой хугацаанд хэрэгжих шатандаа саатсан юм. Харин бид дахин цахим шилжилтийн бодлого боловсруулж, төлөвлөж эхэлсэн. Одоогоор амжилттай хэрэгжээд, эрчимтэй үйл ажиллагаа явж байна. Цахим шилжилтийн гол зорилго бол хоорондын мэдээлэл солилцох, интеграц хийх юм. Энэ нь улсын, төрийн болон хувийн хэвшил хооронд мэдээлэл солилцох зүйл. Ингэснээр илүү боломж бололцоо үүснэ. Өвчтөн өөр өөр байгууллагад үзүүлэхэд картнаас болж асуудал гарахгүйгээр төвлөрсөн мэдээллээр бүхий л онош нь харагдах боломж бүрдэх юм. Ийм тогтолцооны шинэчлэл хийнэ.

-Эрүүл мэндийн салбар системийн хүрээнд улсын төсвөөс санхүүжихгүйгээр эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжихээр болсон уу. Эрүүл мэндийн даатгалын санд байгаа мөнгө системийг хангахад хүрэлцээтэй юу?

-Эрүүл мэндийн салбарын санхүүжилт эрүүл мэндийн даатгал болон улсын төсвөөс бүрддэг. Жил бүр эрүүл мэндийн даатгалын санд 450 тэрбум төгрөг хуримтлагддаг юм. Харин нэгдсэн санхүүжилт нь улсын төсвөөс хуваарилагддаг. Мөнгөний системд санаа зовох шаардлагагүй. Хангалттай хүрэлцээтэй мөнгө бий. Энэ жилийн гүйцэтгэлийн санхүүжилтийн гол цөм хоёр төсвийн орлогыг нэгтгээд нэг санд байршуулсан. Тиймээс эрүүл мэндийн даатгалын сан хоосрох эсвэл багасах эрсдэл байхгүй.

-Эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын цалинг даатгалын гүйцэтгэлтэй холбож, даатгалаас санхүүжүүлнэ гэсэн. Одоо байгаа төрийн болон хувийн хэвшлийн хэдэн хувь нь дээрх ажилчдынхаа цалинг 20-оос 50 хувь нэмсэн бэ. Цаашдаа нэмэх бололцоо, чадамжтай юу?

-Улсын төсвийн 567 тэрбум төгрөгөөр цалинг нэмүүлж батлуулсан. Өмнө нь хэдэн жилийн турш хийсэн судалгаа байгаа. Тус судалгаанд үндэслэж цалинг нэмсэн. Жишээлбэл, хоёрдугаар эмнэлэг гэхэд 12 тэрбум төгрөгийн жилийн төсөвтэй. Сард нэг тэрбум төгрөгөөр ажилчдынхаа цалинг нэмсэн байж болно. Нэг ёсондоо уг төсвийг захиран зарцуулан эрх нь тухайн байгууллагад бий гэсэн үг. Тухайн байгууллагын менежментийн асуудал.

-Халдвар авсан нэг хүнийг эмчлэхэд зарцуулах найман сая төгрөгийн багц одоог хүртэл хэл ам дагуулсаар байгаа. Найман сая төгрөгийн багцаар яг хэчнээн хүнийг эмчилсэн бэ?

-2020 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр U-07 буюу халдвар авч хүнд, нэн хүнд ангилалд байгаа хүний эмчилгээг санхүүжүүлэх оношийн бүлгийг нэмсэн. Уг санхүүжилтээр эрчимт эмчилгээний тасагт 45 хоног хэвтэн эмчлүүлээд гарах үед найман сая төгрөгийн зардал гарч байгааг тухайн үед тооцсон. Энэ найман сая төгрөгийн тооцоонд тухайн эмнэлгийн ор, цахилгаан, эмч, ажилчдын цалин зэрэг урсгал зардлууд орсон байдаг. Халдвар авсан иргэдийг хөнгөн, хүнд, маш хүнд зэрэг ангиллаас хамаарч эмчилгээний зардал 160 мянгаас 7.9 сая төгрөгт хэлбэлзэж байгаа. Уушги орлуулах ЭКМО аппаратад орох заалттай маш хүнд иргэнд 50-60 сая төгрөгийн эмчилгээний зардал гарч буй тохиолдол ч бий.

КАЗИНО БАЙГУУЛАХ ТАЛААР СУДАЛЖ БАЙНА

Ирэх жилийн улсын төсөвтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан тодруулга мэдээлэл өглөө.


-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилгууд бий. Тухайн барилгуудыг барьж байгаа компаниудаас танд шаардлага хүргүүлсэн. Барилгын материалын үнэ ихээхэн нэмэгдсэн. Тиймээс барилгын компаниуд 500 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа талаараа мэдээлсэн. 2022 оны төсөвт алдагдал нөхөн мөнгөн дүнг суулгаж өгөхийг хүсэж байгаа юм билээ. Ийм боломж байдаг уу. Хэрхэн зохицуулах вэ?

-Энэ жилийн хувьд ихээхэн тулгамдсан асуудлын нэг нь уг асуудал болоод байна. Дан ганц барилгын компаниас гадна барилга угсралтын болон барилгын материал, барилгын үйлдвэрлэл зэрэг холбоотой бүхий л байгууллага их хэмжээний өртгийн өөрчлөлттэй болсон. Үүнийг төсөвт хэрхэн тусгах вэ гэвэл маш тодорхой хууль бий. Хэрэв төсөвт өртөг нь хуульд заасан хязгаараас давсан өөрчлөлттэй болвол хяналтын байгууллагаар орж, магадлал гаргуулах хэрэгтэй. Үнэн гэдгийг баталгаажуулсны дараа төсөвт тусгах боломжтой. Нийт 310 төсөлт арга хэмжээний 187 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Тэгэхээр магадлалгүй бол шууд төсөвт оруулна гэсэн дураараа зүйл байж болохгүй.

-Ирэх оны  улсын төсвийн зардал 18 их наяд төгрөг болж тэлжээ. Ирэх онд дэд бүтцийн төслүүдэд илүү анхаарна гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Ирэх онд дэд бүтцийн төслүүдэд илүү анхаарна. Үүний тулд төсвөөс хөрөнгө оруулах замаар хувийн хэвшлийг дэмжинэ. Нийт нэг мянга орчим төсөл бий. Эдгээрийн дунд зураг төсөлгүй, газрын маргаантай төсөл байхгүй тул он дамжин төсөл удаашрахгүй. Бидний үйлдвэрлэж буй цахилгаан, дулаан эрэлтийг бүрэн хангаж чадахгүй байна. Эрчим хүчний салбарт анхаарах цаг болсон. Том үйлдвэр барья гэхээр цахилгаан, дулаан хүрэлцэхгүй болсон. Тиймээс эрчим хүчний салбарыг дэмжиж ажиллана. Гэхдээ энэ онд эхлүүлээд дараа жил дуусгах төсөв тавиагүй. Өмнө нь эхлүүлсэн ч  дуусаагүй олон төсөл бий. Тэдгээрийг дуусгахад нийт гурван зуу орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн саналыг манай яаманд ирүүлсэн. Үүнээс 180 орчим тэрбум төгрөгийг л шийднэ.

-Казинотой холбоотой яриа дахин гарч эхэлсэн. Эдийн засгийг сэргээх хуулийн төсөлд казино байгуулах талаар тусгасан уу?

-Эдийн засгийг сэргээх хуулийн төсөлд яамдаас 530 орчим санал өгсний нэг нь казино байгуулах юм. Бид энэ асуудлыг судалж байна. Мөн агнуурын тоог өсгөх санал ирсэн. Үүнийг хуулиар шийдэх шаардлагагүй. Энэ бол Байгаль орчин аялал жуулчлалын сайдын бүрэн эрхийн асуудал. Мөн татварын өр төлбөрөөс компаниудыг нэг удаа чөлөөлөх санал өгсөн нь боломжгүй зүйл. Ингэснээр татвар төлөгчид дараагийн өрийн чөлөөлөлтийг хүлээдэг болно. Цаашлаад ёс зүйн гажуудал үүсгэх эрсдэлтэй. Нэг жилийн турш татварын алдагдал, торгуулийг чөлөөлснөөр татвар төлөгчдийн идэвх буурсан.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үед Их тэнгэрийн аманд барилга барьж эхэлсэн. Уг барилгыг Байгалийн түүхийн музей болгоно хэмээн ярьж байсан ч одоог хүртэл шийдвэрлээгүй байна. Хэзээ шийдвэрлэж дуусах вэ?

-Уг асуудал дээр бол төрөөс худалдаж авах шийдвэр гарсан. Засгийн газар 17 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон. Барилгын өмчлөлтэй холбоотойгоор шүүхийн маргаан үргэлжилж байгаа.

ЗАЛУУСЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД 11.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН

Нийгмийн халамжтай холбоотой асуудлууд болон залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаатай холбоотой асуултуудад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариулсан юм.


-Нийгмийн халамжийн хөтөлбөрүүд хэдэн тэрбум төгрөгөөр буурсан талаар тайлагнасан. Яг ямар учраас буурсан бэ. Задаргааг нь тайлагнахгүй юу. Айлууд нь хасагдсан гэсэн үг үү?

-Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ 0.5 тэрбум төгрөгөөр буурсан. Буурсан шалтгаан нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байранд зуучилсантай холбоотой. Хүнс тэжээлийн дэмжлэг авдаг 253,180 иргэн бий. Тэдний 110 мянга орчим иргэн хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой иргэд юм. Мөн долоодугаар сараас хойш хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд шинэчлэл хийсэн. Хоёр жилийн хугацаанд хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг хоёр удаа ажлын байр сонгон сургаж, хоёр удаа татгалзвал хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэхээс татгалзана гэх агуулгыг оруулсан байгаа. Мөн сайн дурын ажилд заавал оролцоно хэмээн заасан.

-Хуульчдын зүгээс эмзэг байдлыг нь ашиглан сайн дурын ажил хийлгэж буй нь хууль зөрчсөн зүйл хэмээн үзэж байгаа. Иргэдийн эмзэг байдлыг төр барьцаалан сайн дурын ажил хийлгэх нь Олон улсын хүний эрхийн гэрээнүүдийг зөрчсөн үйлдэл юм биш үү?

-Сайн дурын ажил хийлгэж буй явдал нь хүний эрхийг айхтар зөрчөөгүй. Олон улсын туршлагаар нөхцөлтэй халамж хэмээн явдаг. Их Британи улс болон Герман улс зэрэг томоохон улсууд хэрэгжүүлдэг юм. Хүнс тэжээлийн халамж авч буй иргэд сайн дурын ажилд оролцон гэдэг нь өмнө нь байсан зүйл. Оролцоотой, идэвхтэйгээр, өргөн хүрээнд үйл ажиллагааг нь явуулж байгаагүй юм. Аймаг, сумууд ч мөн дэмжин ажиллаж буйд баяртай байгаа.

-18-35 насны залуучуудыг ажил эрхлэх сургалтад хамруулахад заавал бомбер куртик болон гутлаар ижилсүүлэх шаардлагатай юу. Хэдий хэмжээний мөнгийг үүнд төсөвлөсөн бэ?

-Цар тахлаас үүдэж залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа хойшилсон байв. Өнгөрсөн сард албан ёсоор сургалтуудаа зохион байгуулсан. 18-35 насны эмзэг бүлгийн хүмүүс хамрагдана. Одоогийн байдлаар 1,200-гаас хоёр мянга орчим залуусыг хамруулсан байна. Тусгай хэрэгсэл буюу хувцасны хувьд зорилтот бүлгийн хүүхдүүд учраас зардалд зайлшгүй тусгаж өгсөн. Учир нь хүйтний улирлалд нимгэн хувцастай сургалтад хамрагдаж болохгүй тул ийм шийдвэр гаргасан. Энэ жилийн хувьд 11.8 тэрбум төгрөг зарцуулна хэмээн төсөвлөсөн байгаа.

-Хүүхэд харах үйлчилгээ цар тахлаас болж дампуурах эрсдэлтэй болсон. Энэ тал дээр яамны зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Хүүхэд харах үйлчилгээ нь анхнаасаа сургууль цэцэрлэг хүртээмжгүй газарт барихаар зориулагдсан. Алслагдсан дүүрэг, хороо, хөдөө, орон нутгууд хамаарна гэсэн үг. Хүүхэд хамгаалах ажил болон хүүхэд харах үйлчилгээг хослуулъя гэж бодож байгаа. Боловсролын багц хуулинд уг зүйлтэй холбоотой таалагдахгүй байгаа зүйл бий. Хүүхдийг цэцэрлэгт хамруулахдаа гурав ба түүнээс дээш настайг хамруулна гээд заасан байгаа. Уг заалтыг эсэргүүцэж байгаагаа Засгийн газарт ч удаа дараа илэрхийлсэн. Энэ заалт нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихгүй байгаа заалт юм. Цар тахлын үед эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшинг 40 хувь болгож бууруулсан асуудал бол сургууль цэцэрлэгийн асуудал байсан.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top