ТӨСӨВ 2022: Эдийн засагчдын БАЙР СУУРЬ

2021 оны 10 сарын 15

Засгийн газар УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж буй ирэх оны төсвийн төслийг  “Тойргийн биш хөгжлийн төсөв”  болсон гэж тодотгож буй.

 

Ийм тодотгол бүхий, 16.4 их наядын орлого, 18.1 их наядын зарлагын тооцоололтой төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг өчигдөр /2021.10.14/ чуулганаар хийж,  хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр намын бүлгүүд, бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлээд байна.

Ерөнхий сайдын хүлээн зөвшөөрөөд байгаачлан түүхэн өндөр орлого, зарлагын тооцоололтой төсвийн төсөлтэй холбогдуулан эдийн засагч Н.Энхбаяр, Ж.Дэлгэрсайхан нарын илэрхийлсэн байр суурийг хүргэе.

Тэд 2022 оны улсын нэгдсэн төсвийн төсөлтэй холбогдуулан МҮХАҮТ-аас зохион байгуулсан цахим хэлэлцүүлэгт дараах байр суурийг илэрхийллээ.


Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Инфляцын өсөлт өрхийн амьжиргаанд дарамт болж эхэлсэн. Иргэдийн худалдан авах чадвар буурсан. Үүнийг төсвийн бодлогод харгалзаж үзэх ёстой. Хил гааль тойрсон асуудал, худалдааны хүндрэл бэрхшээл үргэлжилсэн хэвээр байгаа. Ийм нөхцөлд төсвийн орлогыг ихээхэн өөдрөг тооцоолсон дүр зураг харагдаж байна. 2022 оны төсвийг сайжруулах алхмыг эхлүүлсэн нь олзуурхууштай. Гэхдээ агуулгын хувьд томоохон өөрчлөлт гарсан зүйл бага байна. Төсвийн шинэчлэлийг нэг жилийн хугацаанд хийх боломжгүй. Шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэх ёстой. Хөдөлмөр, бүтээмж, өсөлтийг төсвөөс олж харахгүй байна. Халамжийг хумьсан гэхээс илүү хэлбэр нь өөрчлөгдсөн, зарлага хэт өссөн байна. Тусгай сангуудын үр ашгийг сайжруулах хэрэгтэй” гэв.


Эдийн засагч Н.Энхбаяр “Төсөв, мөнгөний бодлого улс орны дунд болон урт хугацааны бодлогод чухал ач холбогдолтой. Зөвхөн өнөө, маргаашийн нөхцөл байдлаа бид харж болохгүй. Засгийн газрын өр төлбөр, түүний дарамт эрс нэмэгдсэн байна. Өрийг бүх түвшинд анхаарахгүй бол хүндрэх тийшээ хандсан. Өрийн эмзэг байдал улам нэмэгдсэн гэсэн үг. Үүнд Засгийн газрын гадаад болон дотоод өр орж байгаа. Анхааруулах түвшнээс аль хэдийнэ давчихсан. Төсвийн бодлого дээр алсыг харсан бодлого барихгүй бол маш их хэмжээний өр үйлдвэрлэж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top