Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар Л.Оюунд Шинжлэх ухааны докторын зэрэг олгож өнөөдөр /2021.10.15/ дипломыг нь гардуулж өглөө.
Л.Оюун нь “Монгол Улсын иргэдийн санхүүгийн боловсролын тогтолцооны онол, арга зүйн судалгаа” сэдвээр Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан юм.
Тэрээр ОХУ, Санктпетербургийн Их Сургуулийг 1973-1978 онд суралцан Эдийн засаг, улстөр эдийн засгийн ухааны багш мэргэжлээр төгсчээ. Улмаар МУИС, БНСУ, Австрали, ХБНГУ, АНУ-д санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна.
Лувсандорж овогтой Оюун нь 1993 оноос эхлэн МУИС-ийн санхүүгийн тэнхимд тасралтгүй 23 жил профессор, дэд профессор, зөвлөх профессорын албан тушаал дээр ажиллаж ирсэн ба “Банкны менежмент”, “Мөнгөний бодлого”, “Зээлийн шинжилгээ”, “Банкны маркетинг” хичээлүүдийг бакалавр, магистр, докторын түвшинд зааж байна.
Л.Оюун багш нь багшлах хугацаандаа зааж буй хичээлүүдээр сурах бичиг 10 гаруйг боловсруулж олон арван гарын авлага хэвлүүлэн нийтийн хүртээл болгосон ба эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, судалгааны ажлыг тогтмол хэлэлцүүлжээ.
Мөн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож, МУИС-ийн БС-ийн дэргэдэх Бизнес Төвөөс зохион байгуулагдсан “Би ирээдүйн тэрбумтан ” болон “Компанийн засаглал” сургалтанд хичээл зааж, эрдэмтэн судлаачдыг олон нийтэд таниулах, тэдгээрийн судалгааны ажлыг телевизээр сурталчлах, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх ажилд ихээхэн санаачлагатай ажиллаж ирсэн юм.
Л.Оюун доктор 7 докторантын судалгааны ажил удирдан хамгаалуулж одоо 9 докторын ажил удирдаж байна. Мөн 60 гаруй магистрын ажил, олон арван бакалаврын диплом удирдсан эрдэмтэн юм.
Мэргэжлийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх олон ажилд үр бүтээлтэй оролцож ирснээс “Эдийн засгийн эрчимтэй хөгжлийг дэмжих санхүүгийн зах зээлийн оновчтой бүтцийг тодорхойлох арга зам” сэдэвт судалгааны ажлыг удирдаж тэнхмийн багш нарыг хамруулан хийж дуусгасан ба Германы хамтын ажиллагааны GIZ хөтөлбөрөөс зохион байгуулсан ЖДҮ эрхлэгчдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх төсөлд сургуулийнхаа эрдэмтэн судлаачдыг хамруулан амжилттай зохион байгуулсан. Мөн Засгийн газар, Дэлхийн банкны “Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд 10 гаруй аймгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох зорилгоор лекц уншсан байна.
Доктор Л.Оюун багш нь өдгөө МУИС-д багшлахын зэрэгцээ Монгол шуудан ТӨК-ний ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж аудитын дэд хорооны даргаар ажиллаж ирсэн ба СЗХ-ны үнэт цаасны мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Түүний багшийн боловсруулсан “Өрхийн төсөв” дэвтэрийг Газар ББСБ, Төрийн банк, Монкорд ХЗХ, ХДК харилцагчиддаа ашиглуулахаар хамтран ажилласан нь үр бүтээл болж чадсан юм.
Шанхайн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ-ын Екетренбургийн эдийн засгийн хүрээлэнд илтгэл тавьж, БНХАУ-н ӨМӨЗО-ны өвөр монголын их сургуульд урилгаар, ОХУ-ын Улаан Үүд хотын Хөдөө аж ахуйн Академид урилгаар лекц уншиж ирсэн нь доктор Л. Оюун нь олон улсад нэр хүндтэй манай эрдэмтийн нэг болохыг харуулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Оюун багшдаа шинэлэх жхааны доктор болсонд баяр хүргэе. \nАнагаахын их сургуульд багшилж байсан та, Чимэдрагчаа багш, бид 3 ажиллдаг салбартаа шинжлэх ухааны доктор цол хамгаалсан юм байна ш дээ.
OMG