ОУХБХ Афганистанаас эмэгтэй хөлбөмбөгчдийг нүүлгэн шилжүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 16

Олон улсын хөлбөмбөгийн холбоо Афганистанаас 100 орчим хөлбөмбөгч, тэр дундаа эмэгтэй багийн тоглогчдыг гэр бүлийн хамтаар нүүлгэн шилжүүлжээ.

Катарын тусламжтай талибуудтай хийсэн хүндхэн яриа хэлэлцээний дүнд хөлбөмбөгийн гэр бүлийн 100 гаруй гишүүн, тэр дундаа эмэгтэй тоглогчдыг Афганистанаас нүүлгэн шилжүүлснийг баталж байна гэж ОУХБХ-ны хэвлэлийн алба мэдээлжээ.

Үүнээс өмнө Олон улсын дугуйн холбоо /UCI/ Афганистанаас 165 тамирчин, тэр дундаа эмэгтэй дугуйчин, сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмцэгчдийг нүүлгэн шилжүүлэхэд туслалцаа үзүүлж байсан бол Олон улсын олимпын хороо өнгөрсөн сард Олимпын гэр бүлийн 100 орчим гишүүнийг тус улсаас хүмүүнлэгийн визээр гарахад нь туслалцаа үзүүлсэн байна.

Үүний сацуу, Австрали улс Афганистаны 50 гаруй эмэгтэй тамирчин болон тэдний гэр бүлийг өнгөрсөн наймдугаар сард нүүлгэн шилжүүлсэн бол есдүгээр сард Португал улс Афганистаны үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн хэд хэдэн гишүүнд орогнол олгожээ.

Энэ оны наймдугаар сард “Талибан” хөдөлгөөн Афганистаны төрийн эрхэнд гарснаас хойш нийт 100 мянга гаруй хүнийг тус улсаас нүүлгэн шилжүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top