ТӨСӨВ 2022: Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх орлогоос НӨАТ-ыг хасжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.10.19) хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Тухайлбал, Ш.Раднаасэд гишүүн Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад оруулах өөрчлөлтийн талаар тодруулахад, Орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны нийт эх үүсвэр 228 тэрбум төгрөг байсан, одоо эх үүсвэрт нь өөрчлөлт оруулж байгаа хэмээн тайлбарласан.

Тодруулбал, дотоодын НӨАТ-ын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрт тооцдог байсан бол энэ удаа уул, уурхайгаас орох орлогыг нь нэмэгдүүлээд, дотоодын НӨАТ-ын эх үүсвэрийг хассан гэлээ. Урьд нь АМНАТ-ын орлогын 5 хувь Орон нутгийн хөгжлийн санд ордог байсан бол одоо 10 хувь болж нэмэгджээ. Ингэснээр нийт эх үүсвэр  40 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 253 тэрбум төгрөг болж байгаа гэлээ.

Хуваарилалтын хувь, өмнө нь Төсвийн тухай хуулиар хүн ам, нутаг дэвсгэрийн алслалт, нягтрал, орон нутгийн хөгжлийн индекс, татварын идэвх, санаачилга гэсэн дөрвөн төрлийн итгэлцүүрээр тооцдог байсан бол шинэ хуулиар гурван итгэлцүүрээр тооцож, хуваарилахаар болсон. Ингэснээр аймгуудад өмнө нь хуваарилагдаж байсан хувь хэмжээ буурахгүй гэдэг тайлбарыг Сангийн яамнаас өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top