ТӨСӨВ 2022: БШУ-ны сайдын зардлыг 582 тэрбумаар нэмэгдүүлжээ

2021 оны 10 сарын 19

2022 оны төсвийн төслийг өнөөдөр /2021.10.19/  УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцлээ. Энэ үеэр зарим гишүүн Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн сүлжээний өөрчлөлтийн талаар тодруулга авлаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Төрийн албан хаагчдын 60-70 хувь нь эрүүл мэнд, боловсролын салбарт байдаг. Боловсролын салбарын тухайд энэ жилийн төсвийн шинэчлэлийн хүрээнд хувьсах зардалд  өөрчлөлт орж байгаа” гэсэн хариулт өгөв.

Тодруулбал, өмнө нь боловсролын хүртээмжийн асуудалд ихээхэн анхаардаг байсан хандлагыг өөрчилж, чанарт анхаарал хандуулах нь зүйтэй хэмээн үзсэн. Сурагчийн, багшийн, сургуулийн чанар болон амжилтын дэвшлийг үндэслэж гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу шилжүүлэх болно. Боловсролын салбарын ажилтнууд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн авдаг цалин буурахгүй, харин хувьсах зардлын шинэ өөрчлөлтөөр урьд нь цалин дээрээ нэмж авдаг байсан орлого, үр дүнгийн урамшууллууд цалингийн нэг хэсэг болж нэмэгдэх бололцоо нээгдэж байгаа. Цаашдаа, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу шилжих болно гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд тайлбарлалаа.


Тодотгоход, 2022 оны төсвийн төсөлд Боловсрол, шинжлэх ухааны сайдын захиран зарцуулах  зардлын хэмжээг  2 их наяд 315 тэрбум 811 сая төгрөг байхаар тусгажээ.  Үүнээс:

 

  • Урсгал зардалд -  1 их наяд  825 тэрбум 948 сая төгрөг

 

  • Хөрөнгийн зардалд -  489 тэрбум 862 сая төгрөг тусгаад байна.

 

Сануулахад, энэ 2021 оны төсөвт Боловсрол, шинжлэх ухааны сайд  1 их наяд 733 тэрбум 468 сая төгрөгийн төсөв захиран зарцуулж байгаа юм.

Харин 2020 он буюу өнгөрсөн жил Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын захиран зарцуулах төсвийг 2 их наяд 133 тэрбум 087 сая төгрөг байхаар төсөвт тусгаж байсан.

Тэгэхээр ирэх оны төсвийн төсөлд тусгасан зардлын хэмжээг энэ 2021 оныхтой харьцуулбал, 2022 онд урсгал зардлыг 351.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж тусгажээ. Харин хөрөнгийн зардлыг ирэх онд энэ оныхоос 127.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж тооцжээ.

Нийлбэр дүнгээр 2022  оны төсвийн төсөлд Боловсрол, шинжлэх ухааны сайдын зарцуулах зардлыг энэ оныхоос 582.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тусгаж оруулж ирсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top