Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг Төрийн дээд шагнал болох “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, “Алтан гадас” одон болон Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж урамшууллаа.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Улсад 37 жил, үүнээс төрийн албанд 34 жил, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 9 дэх жилдээ ажиллаж байгаа Ойн бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Цэвээ-Ойровын Чулуунбаатарыг шагналаа.
Тэрээр энэ хугацаанд ойн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулах, батлахад биечлэн оролцож, 20 гаруй журмыг батлуулахад гар бие оролцсон байна. Мөн ой, хээрийн түймрийн эрсдэлийн орон зайн тархалтын зургуудыг тус, тус зохион хэвлүүлсэн юм.
Улсад нийт 33 жил ажиллаж, төрийн албанд 20 жил, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 9 дэх жилдээ ажиллаж байгаа Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн төрийн сангийн ахлах мэргэжилтэн Лүндэнгийн Нямдоржийг “Алтан гадас” одонгоор шагналаа.
Ажиллаж байх хугацаандаа 2013 онд анх Төрийн сангийн нэгжийг яаманд үүсгэн байгуулж, Сайдын багцын төсвийн гүйцэтгэлийн мэдээг 2013 оноос шинээр мөрдөж эхэлсэн Төрийн сангийн журам, Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажилласан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн сангийн үйл ажиллагааг өдөр тутамд хэвийн явуулах боломжийг бүрдүүлж байгааг ийнхүү урамшууллаа.
“Алтангадас” одонгоор Богдхан уулын дархан цаазат газрын хүний нөөц, газар ашиглалт, байгалийн нөөц ашиглалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Гончигийн Ганзоригийг шагналаа.
Дархан цаазат газрын Арцат, Зайсангийн аманд олон жилийн турш амьдарч ирсэн нийт 800 гаруй иргэдийн газар ашиглах эрхийг хянан баталгаажуулах, газар ашиглах эрхийг олгуулах ажлыг Хамгаалалтын захиргааны зүгээс зохион байгуулсан. Богдхан уулын ойн санг нөхөн сэргээх, ойжуулах ажилд байгаль хамгаалагчдаа удирдан оролцож 30000 гаруй модыг тарьж ургуулсан гавьяаг нь өндрөөр үнэлж, төрийн дээд одонгоор шагнаж урамшууллаа. Тэрээр улсад 37 жил салбартаа 29 жил Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 8 дах жилдээ ажиллаж байна.
Улсад 43 жил, салбарт 12 жил тасралтгүй ажилласан Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ахмад ажилтан Чойжилын Пүрэвийг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнав. Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын 500 гаруй иргэнд дархан цаазат газрыг хамгаалах, байгалийн унаган хэв шинжийг хадгалах талаар зөвлөж ажилласны зэрэгцээ мод тарих, амьтан хамгаалах, тоолох зэрэг төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэснийг ийнхүү өндрөөр үнэлэв.
“Хөдөлмөрийн Хүндэт” медалиар Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны нягтлан бодогч Пүрэвдоржийн Оюунтунгалаг шагналаа.
Улсад 24 жил Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 7 дахь жилдээ ажиллаж байгаа.
Ажиллах хугацаандаа байгууллагын санхүүгийн өдөр тутмын ажил, үйлчилгээг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, бодлогын баримт бичигт тусгагдсаны дагуу хөтлөн явуулж, өр авлага үүсгэлгүй ажилласан байна. 2016 оноос байгаль хамгаалагчдыг гэнэтийн ослын даатгалд хамруулсны үр дүнд даатгалын нөхөн төлбөр авах боломжийг бүрдүүлсэн зэргийг үнэлэн шагнаж урамшууллаа.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл ( 2 )
masktai hun neg ch bxgui, ene tsag ued uhseniix ni shildeguud ve
энэ төрд бас шилдэгүүд бнаа зэзэ