Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ирэх жилийн төсөвт хэдий хэмжээний төсөв суулгасан талаарх мэдээллийг ХХААХҮ-н сайд З.Мэндсайхан өглөө. Ирэх жилийн төсвийн төсөлд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын багцад нийтдээ 235.4 тэрбум төгрөг багтсан. Засгийн газраас барьж байгаа үндсэн чиглэл болох малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг дэмжих, хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн гол тулгуур багана болгох зорилгын хүрээнд төсвөө төсөөлсөн гэлээ.
Мал аж ахуйн салбарт 24.3 тэрбум төгрөг
Газар тариалангийн бүс нутагт Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн 60 сумын 160 баг багтдаг. Энэ бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ. Үүний тулд Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаанд тулгуурлан бэлчээрийн уламжлалт мал аж ахуйг сайжруулах, сүргийн бүтцийг өөрчлөх зорилгоор зохиомол хээлтүүлэг, үржил селекцийн ажлыг зохион байгуулна. Энэ ажилд 24.3 тэрбум төгрөг төсөвлөв.
Мал эмнэлгийн арга хэмжээнд 32.2 тэрбум төгрөг
Мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хамгийн чухал хөшүүрэг бол малын эрүүл мэнд. Тиймээс малын эрүүл мэндийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, лабораторийн оношилгоо, шинжилгээ ариутгал, мал амьтан эрүүлжүүлэх баталгаажуулах сургалт судалгаа зэрэг мал эмнэлгийн арга хэмжээнд 32.2 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Газар тариалангийн салбарт 11.2 тэрбум төгрөг
Газар тариалангийн салбарын гол ажил бол үрийн шинэчлэл юм. Өнгөрсөн жил үр тарианы үрийн 30 хувийг элит үрээр бүрдүүлсний үр дүн энэ жилийн ургацаас харагдаж байна. Тиймээс энэ бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Мөн энэ жил хүнсний ногооны 65 хувийг дотоодоосоо хангах боломжтой гэсэн тооцоолол гарсан. Ирэх жил энэ тоог 8 хувиар нэмэгдүүлж 73 хувьд хүргэх зорилттой ажиллаж байна. 2020 онд дотоодынхоо 45 хувийг хангаж байлаа.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 79.8 тэрбум төгрөг
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, худалдаа бизнесийн орчныг сайжруулахад Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн 50 тэрбум төгрөг, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн эргэн төлөлтийн 15 тэрбум төгрөг, ЖДҮ хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслийн эргэн төлөлтийн 14.8 тэрбум төвлөрснийг зарцуулахаар төсөвлөлөө. 2022 онд олгох зээлийн нийт хэмжээ 79.8 тэрбум төгрөг байна.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихэд 88.4 тэрбум төгрөг
Салбарын хөрөнгө оруулалтад шинээр 54 тэрбум төгрөг
Үүнд хүнсний үйлдвэр, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх гол ажлууд багтаж байна.
Сэтгэгдэл ( 0 )