Сүүлийн гурван долоо хоногт 6919 машин нүүрс хилээр гарчээ

2021 оны 10 сарын 20

Энэ сарын 18-ны өдөр Гашуунсухайт боомтоор 408, Шивээхүрэн боомтоор 98, Ханги боомтоор 70 машин нүүрс, Ханги хилийн боомтоор 71 тээврийн хэрэгсэл 7105.6 тонн  төмрийн хүдэр экспортолсон гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Хилийн боомтуудаар нэвтрэх нүүрсний экспорт тогтвортой өсөж сүүлийн гурван долоо хоногт нийт 6919 автомашин, 2017 вагон нүүрс хилээр гарчээ. Энэ нь өнгөрсөн 8-9 дүгээр сарын гурван долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 60 орчим хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Сануулахад, ирэх оны төсвийн төсөлд нүүрсний экспортын биет хэмжээг 36.7 сая тонн буюу өндөр хувиар тооцож тусгасан бол алт, зэсийн экспортын биет хэмжээг  энэ оны түвшинд байхаар тооцсон байгаа юм.

Нүүрсний экспортын энэ оны нөхцөл байдлыг аваад үзэхэд, 28.7 сая тонн нүүрс экспортод гаргахаар тооцсон ч бодит байдал дээр 16 сая тонн орчимд хүрэх төлөвтэй байна. Энэ нь манай дотоодын ковидын нөхцөл байдал, дэд бүтцийн сул байдалтай холбоотой.

Ирэх оны хоёрдугаар хагаст төмөр замын тээвэр эхлүүлэх, жолоочгүй тээврээр нүүрсний экспортыг шийдвэрлэхэд анхаарч байгаа ч, болзошгүй эрсдэлүүд бий. Мөн нөгөө талаас гадаад зах зээлийн нөхцөл байдал, эрэлт тогтвортой байх эсэх дээр биднээс үл шалтгаалах эрсдэлүүд байсаар ирснийг тооцох  ёстой байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top