Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газрын өнөөдрийн /2021.10.20/ хуралдаанд “Тавантолгойн дулааны цахилгаан станц” төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарлах бэлтгэл ажил хангагдсаныг танилцуулжээ.
Улмаар уг тендерийг цаг алдалгүй зохион байгуулах даалгаврыг танхимаасаа авсан байна.
Энэ хүрээнд “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг маргааг буюу аравдугаар сарын 21-ий өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар боллоо.
Тендерийг зохион байгуулснаар 2022 оны эхний улиралд багтаан гүйцэтгэгчтэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах бөгөөд 2025 онд 450 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байнгын ашиглалтад хүлээн авна гэж Засгийн газраас мэдээллээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх уг төслийн талаар “Говийн бүсийн хэрэглээг бүрэн хангах, түүн дотор энэ цаг үед импортоор эрчим хүч авч хэрэглээгээ хангаж байгаа том төслүүдийг эрчим хүчээр хангах, шаардлагатай тохиолдолд төвийн эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлэх боломжтой, хүчин чадалтай эх үүсвэр байна” гэлээ. Мөн тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр бол төслийн эрчим хүчний хэрэглээг ашиглалтад орсноос хойш дөрвөн жилийн дотор дотоодоос хангах ёстой. “Тавантолгойн дулааны цахилгаан станц”-ын нэг үүрэг бол говийн бүс түүн дотроо Оюутолгойг цахилгаан эрчим хүчээр хангах нөхцлийг бүрдүүлэх ёстой.
Өнөөдрийн байдлаар Оюутолгой жилдээ 110-120 сая ам.долларын өртөгтэй цахилгаан эрчим хүч БНХАУ-аас импортоор авч байгаа. Дор хаяж энэ хэмжээний орлогыг энэ станц олох боломжтой гэж ойлгож болно. Өнгөрсөн хугацаанд энэ станцын ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулсан. ТЭЗҮ-гээр бол 450 МВт-ын хүчин чадалтай станцын хөрөнгө оруулалтын зардалд 808 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан байгаа.
Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 124 дүгээр тогтоолоор энэ эх үүсвэрийг Засгийн газар өөрөө барьж байгуулна. Энэ төсөл арга хэмжээг төслийн санхүүжилтээр санхүүжүүлнэ. 30 хувийг нь өөрийн хөрөнгөөр босгоно. 70 хувийг нь Засгийн газрын баталгаатай зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн” гэсэн юм.
Дашрамд тодотгоход, 2009 оны аравдугаар сарын 6-нд үзэглэгдсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний Долоодугаар зүйлд эрчим хүчний талаар тусгасан байдаг.
7.3. Хөрөнгө оруулагч нь Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 4 /дөрөв/ жилийн дотор Оюу толгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан нэг буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана:
7.3.1. Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц;
7.3.2. Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц;
7.3.3. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ.
7.4. Засгийн газар Хөрөнгө оруулагчийг эрчим хүчээр хангах тохиолдолд эрчим хүчний эх үүсвэр нь арилжааны болон үл ялгаварлах нөхцөлтэй байх бөгөөд Оюу толгой төсөлд хангалттай хэмжээний эрчим хүчийг тогтвортой, найдвартай, тасралтгүй нийлүүлнэ гэхчлэн зохицуулалтыг тусгасан байдаг.
Гэвч энэ төслийн эрчим хүчний хүчний хэрэглээг 4 хүртэлх жилийн дотор дотоодоос хангах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан заалт хэрэгжээгүй.
Харин 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж байгуулах талаар “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурсан юм.
Гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А. Тлейхан, Оюу толгой ХХК-ийг төлөөлж тус компанийн ТУЗ-ийн дарга Г. Батсүх болон гүйцэтгэх захирал Армандо Торрес нар тус тус гарын үсэг зурсан. Тухайн үед Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хүрээнд бид энэхүү гэрээг үзэглэж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын талаарх тус гэрээгээр Оюу толгой компани уул уурхайн үйл ажиллагаандаа шаардлагатай эрчим хүчээ 100 хувь дотоодоос авах суурь нөхцөл бүрдэж байгаа юм” гэж байсан.
2018 оны гэрээнд “Оюу толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодоос хангах шийдлийн суурь зарчим, төслийн ерөнхий дизайн болон талуудын үүрэг зэрэг асуудлуудыг тусгасан.Гэрээний хүрээнд 300 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний ордод барих бөгөөд тус цахилгаан станцын дийлэнх хувийг “Оюу толгой” ХХК эзэмших юм. Түүнчлэн, талууд эрчим хүчний ерөнхий шийдэлд сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн тусгаж болохыг судална” гэж тусгасан.
Тэгвэл 2020 оны зургаадугаар сард Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар төрийн өмчийн хөрөнгөөр Тавантолгойн цахилгаан станцыг барьж, эрчим хүчээр Оюутолгой төслийг хангах тухай 124 дүгээр тогтоолыг гаргасан. Энэхүү гэрээнд заасны дагуу Тавантолгойн цахилгаан станцыг тэргүүн ээлжинд хөгжүүлэх, Тавантолгойн цахилгаан станцын ЦЭХХАГ-т байгуулахаар ажиллах, ЦЭХХАГ-ийг байгуулснаар Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ дуусгавар болгох ба үүнээс үүдэн Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд тодорхой нэмэлт өөрчлөлтийг оруулж, гэрээний хэрэгжилтийг түдгэлзүүлэхээр талууд тохиролцов” гэсэн байдаг.
Сэтгэгдэл ( 1 )
ELSEN TSULD NUURSNII TSAHILGAAN STANTS BARIHAGAAD BAIDAG ENE YAMAR TENEG HUMUUS BE?,HAANA TIIM JISHEE BAINAA,DELHIIDEER BAIHGUI YUM HIIHGEED BAINHIIN