ЗАСГИЙН ГАЗАР ИРЭХ ОНД ДОТООДЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР
3.6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ӨРИЙН БИЧИГ ГАРГАНА
Засгийн газар ирэх оны төсвийн төсөлд дотоод бонд буюу үнэт цаасаар баталгаажсан өрийн бичиг гаргахаар тусгасан нь хөрөнгийн зах зээлд оролцогчдын хувьд таатай мэдээлэл болж байна. Учир нь Засгийн газрын бонд нь хөрөнгө оруулалтын хэрэгслүүд дундаа хамгийн найдвартай бөгөөд хөрвөх чадвар өндөртэйд тооцогддог. Энэ хэрээрээ хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг билээ.
Энэ талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн үндсэн зарчмуудыг заасан байдаг. Уг хуульд заасан хязгаарын дагуу 2022 онд алдагдлыг 5.1 хувиас хэтрүүлж болохгүй. Ирэх төсөвт үүсэх 2.4 их наядын алдагдлын 1.4 их наяд нь эх үүсвэртэй. Өөрөөр хэлбэл, гадаадын зээл тусламжаар шийдвэрлэнэ. Хуулиараа Тогтворжуулалтын сангаас төсөв рүү тодорхой хэмжээгээр ордог. Энэ хүрээнд ирэх онд 400 тэрбум төгрөг тооцсон байгаа. Үлдсэн хэсгийг нь Засгийн газрын дотоод бонд гаргаж нөхнө хэмээн төлөвлөж байна. Засгийн газрын дотоод бондыг хүн бүр худалдан авах бололцоог блокчейн дээр тулгуурлан нээж өгч байгаа. Хүссэн хүн бүр Засгийн газрын бондыг авах бололцоо нээгдэнэ. Өмнө нь Засгийн газрын бондыг арилжааны банкууд түлхүү авчихаар, зах зээл рүү гаргах зээлийн хэмжээ нь буурчихдаг байсан. Тэгвэл одоо нийтэд нээлттэйгээр санал болгохоор бэлтгэл ажлаа хангаж байна” гэсэн.
Засгийн газар хамгийн сүүлд 2017 оны аравдугаар сард дотоод бонд гаргасан байдаг. Улмаар өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигт туссан зорилтаа хангахын тулд арилжааны нөхцөлтэй дотоод зээллэг хийхээс татгалзах болсон. Үндсэндээ сүүлийн гурван жил дотоод үнэт цаасны арилжаагаа зогсоогоод байлаа.
Засгийн газрын үнэт цаас арилжаалаагүй тул дээрх хугацаанд дотоод өрийн үлдэгдэл гурав дахин буурч, 2021 оны эхний хагас жилийн байдлаар нэг их наяд тэрбум төгрөг болжээ. Тэгвэл энэ онд төсвийн алдагдал өндөр гарч, ирэх жил хэрэгжүүлэх төсөв арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор дотоод бондын арилжаагаа сэргээхээр болж байгаа аж.
Тодруулбал, төсвийн алдагдал 2021 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэх хэмжээнд батлагдсан тул төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг төвлөрүүлэх зорилгоор 2.8 их наяд төгрөгийн дотоод бонд гаргахаар төлөвлөсөн байна. Мөн ирэх 2022 онд төсвийн алдагдлыг ДНБ-ий 5.1 хувьд барихаар тооцож, үүнийг нөхөхийн тулд 3.6 их наяд тэрбум төгрөг хүртэлх дотоод үнэт цаас арилжаалахаар тооцжээ.
Хөрөнгийн зах зээлд оролцогчдын хувьд энэ бол таатай мэдээ. Зах зээлийн арилжаа дээрх хэмжээгээр тэлэх дүр зураг харагдаж байна. Энэ хэрээр хөрөнгө оруулагчдын хүртэх өгөөж нэмэгдэх бөгөөд хамгийн эрсдэлгүй, өндөр өгөөжтэй, хөрвөх чадвартай бүтээгдэхүүн мэргэжлийн тоглогчдын сонирхлыг татах нь гарцаагүй. Хөрөнгө оруулагчид Засгийн газрын бонд худалдаж авснаар Засгийн газарт мөнгөө зээлүүлж байна гэсэн үг. Та улсдаа хөрөнгө оруулж нэг хэлбэр бол Засгийн газрын бондыг худалдаж авах явдал юм. Дээр нь тогтсон хугацаанд тогтмол хүүгээр төлбөр төлөгдөж, тасралтгүй ашиг өгөх зарчимтай.
Засгийн бондын хүү 2017 онд 11.8 хувьтай тогтож байсан. Тэгвэл өнөөдрийн нөхцөлд Монголбанкны бодлогын хүү зургаан хувь байгаа учраас хөрөнгө оруулагчид Засгийн газрын бондоос багадаа долоон хувийн өгөөж хүртэх боломж харагдаж байна. Ийнхүү Засгийн газрын бондын хүү буурсан нь төсөвт ирэх ачааллыг бууруулах талтай. Гэхдээ инфляцын өнөөгийн түвшинг бодолцож үзвэл Засгийн газрын бондын хүү мөн л 11 хувьд хүрэх боломжтой. Учир нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг инфляцын түвшнээс доогуур хүүтэй үнэт цаас татах магадлал бага. Ингэснээр төсөвт ирэх ачаалал нэмэгдэх боловч хөрөнгийн зах зээл дээр тоглогчдын хүртэх ашиг буурахгүй гэсэн үг.
Хамгийн энгийн тооцож үзэхэд, 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн таван хувийн хүүтэй 10 жилийн хугацаатай Засгийн газрын бонд худалдаж авсан тохиодолд жил бүр 5000 төгрөгийн хүү, 10 жилийн дараа анх зээлсэн 100 мянган төгрөгөө эргүүлэн авна. Гэхдээ богино хугацаатай бондууд ихэвчлэн хямдруулсан үнээр гардаг. Ингэхдээ жилийн таван хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасыг хямдруулсан үнээр гаргана. Өөрөөр хэлбэл, 100 мянган төгрөгийн бондыг 95,238 төгрөгөөр арилжаалж, хугацааны төгсгөлд 100 мянган төгрөгийг эргүүлэн төлдөг гэх мэт давуу тал олон. Энэ арилжаанд хэн ч оролцох боломжтой бөгөөд ил тод, нээлттэй хөрөнгийн биржээр дамждаг.
Хэдийгээр Засгийн газрын дотоодын бондын арилжаа олон их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа ч энэ нь ирэх жилүүдэд хэрэгжүүлэх мөчлөг сөрсөн төсвийн бодлоготой уялдаж байгаа. Энэ хүрээнд 2023 онд төсвийн алдагдлыг огцом бууруулж, 1.3 их наяд буюу ДНБ-ий 3.1 хувьд барих тооцоог Сангийн яамнаас танилцуулсан. УИХ, Засгийн газар цаашид төсвийн шинэчлэлийн бодлогыг тууштай баримталснаар төсвийн орлого, зарлага тэнцвэржих боломжтой.
С.СҮЛД
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )