Леана Вэн: "КОВИД"-ын вакциныг борооны цув гэж бодох хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 22

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэлл КОВИД-19-ийн улмаас өнгөрсөн даваа гарагт нас барсан билээ. Тэрбээр вакцины бүрэн тунд хамрагдсан байжээ. Тэгвэл вакцинд хамрагдсан хэрнээ яагаад коронавирусээр хүмүүс нас бараад байна вэ. Энэ асуултын хариултыг олохоор CNN  агентлаг  Вашингтоны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор, доктор Леана Вэнтэй ярилцсан байна. Ярилцлагыг орчуулан хүргэж байна.


-Вакцин хийлгэсэн хүмүүс КОВИД-19-өөр нас барсаар байна. Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ?

-КОВИД-19-ийн вакцин нь хүндээр  өвдөхөөс урьдчилан сэргийлэхэд онцгой үр дүнтэй. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр вакцин  КОВИД-19-өөр халдварлах магадлалыг зургаа дахин, нас барах магадлалыг 11 дахин бууруулж байгаа нь батлагдсан. Энэ нь хэрэв та вакцин хийлгэсэн бол вакцинд хамрагдаагүй хүнтэй харьцуулахад  КОВИД-19-өөр  халдварлах магадлал зургаа дахин бага гэсэн үг юм. Харин вакцин хийлгээгүй хүнтэй харьцуулахад  КОВИД-19-өөр нас барах магадлал 11 дахин бага гэсэн үг. Гэсэн хэдий ч вакцин таныг 100 хувь хамгаалахгүй. Ямар ч вакцин, эм, эмчилгээ 100 хувь үр дүнтэй байдаггүй. Вакцинд хамрагдсан хүн халдвараар нас барсан нь  вакцин үр дүнгүй гэсэн үг биш.

-Та хүн бүр вакцин хийлгэсэн тохиолдолд л вакцин сайн үйлчилгээ үзүүлнэ гэж хэлж байсан. Энэ юу гэсэн үг вэ?

-Асуудал нь вакцин биш. Бидний эргэн тойронд олон сая бактер бий. Тиймээс л аль болох олон хүнийг вакцинд хамруулах нь хамгийн чухал юм. Вакцин халдварын ерөнхий түвшинг бууруулж, хүн бүрийг хамгаалах болно. Зургаан сарын хугацаанд 13 мужид хийсэн судалгаагаар бүрэн вакцинд хамрагдсан хүмүүс КОВИД-19-өөр халдварлан эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдол нийт халдвартай хүний ердөө дөрвөн хувийг эзэлж байв. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн судалгаанаас үзэхэд вакцин хийлгээгүй хүмүүс бүрэн вакцин хийлгэсэн насанд хүрэгчидтэй харьцуулахад эмнэлэгт хэвтэх магадлал  17 дахин их өндөр байжээ.

-Вакцин хийлгэсэн хэдий ч КОВИД-19-өөр халдварласан тохиолдолд хүндрэх магадлал өндөр байна?

-Ахмад настай, эрүүл мэндийн байдал сайнгүй хүмүүс коронавирусээр халдварласан тохиолдолд нас барах магадлал өндөр байдаг. Онцгой эрсдэлтэй  буюу өндөр настай хүмүүсийн дархлааны систем суларсан байдаг. КОВИД-19-ийн вакциныг маш сайн борооны цув гэж бодох хэрэгтэй. Шиврээ борооноос сайн хамгаалах ч аянга цахилгаантай ширүүн бороо орвол норох магадлал өндөр.

-Вакцин үр дүнтэй гэдэгт итгэдэггүй хүмүүст хандаж  юу хэлэх вэ?

-Хэн нэгэн зүрхний өвчтэй гэж бодъё.  Зүрхний өвчнийг эмчлэх эмүүд байдаг боловч 100 хувь үр дүнтэй байдаггүй. Гэхдээ өвчнөө эмчлэхийн тулд  эм уух нь зохисгүй гэсэн үг биш юм.

-Вакцин энэ өвөл вирус дахин  дэгдэхээс сэргийлж чадах уу?

-Тийм ээ. КОВИД-19-өөс хүн бүрийг хамгаалах, тахал өвчнийг зогсоох гол түлхүүр бол хүн бүр вакцинд хамрагдах явдал юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top