Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Ин Вэнь CNN сувагт өгсөн ярилцлагадаа Тайванийн хүчний бие бүрэлдэхүүнийг сургах зорилгоор АНУ-ын цэргүүд байрлаж байгааг баталжээ.
Үүнээс өмнө “Wall Street Journal” сонин эх сурвалж дурдан АНУ-ын цэргүүд Тайванийн хуурай замын хүчний бие бүрэлдэхүүнийг сургах зорилгоор тус арал дээр нууцаар байрлаж байгаа тухай мэдээлж байсан билээ.
“Тайванийн батлан хамгаалах чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн өргөн хүрээний хамтын ажиллагааг АНУ-тай хөгжүүлж байна. Гэхдээ хүмүүсийн бодож буй шиг тийм ч олон цэрэг биш” гэж Цай Ин Вэнь тодруулжээ.
Тэрбээр Хятадын зүгээс ирэх заналхийлэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэж онцлоод Тайван, эх газрын Хятадын хооронд үүсээд буй үл ойлголцлын түвшинг бууруулахын тулд харилцаа холбоог өргөжүүлэх шаардлагатай гэжээ. Цай Ин Вэнь эх газрын зүгээс довтолсон тохиолдолд АНУ Тайванийг дэмжинэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна.
АНУ-ын 1979 оны холбогдох хуульд “Нэг Хятад” зарчмыг дэмжинэ гэж заасан ч АНУ Тайваньд цэргийн тусламж үзүүлэх тухай заалт мөн туссан байдаг аж.
БНХАУ-ын төв засгийн газар, арлын муж хоорондын харилцаа 1949 онд Хятадын Коммунист намтай хийсэн иргэний дайнд ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминдааны цэргүүд Тайвань руу зугтан гарсны дараа тасарсан түүхтэй. 1980-аад оны сүүлээр Тайвань, эх газрын Хятад хоорондын ажил хэргийн, албан бус харилцаа холбоо сэргэж эхэлсэн. 1990-эд оны эхээр талууд төрийн бус байгууллагуудаар дамжуулан харилцаж эхэлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )