Электрон тамхинд ОАТ ногдуулж, төсөв нэмэгдүүлэх талаар тусгаагүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29


Ирэх оны төсвийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр М.Оюунчимэг гишүүн "Төсвийн орлогыг нэмэгдүүлэхтэй холбогдуулан электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах эсэх" асуудлыг тодрууллаа.

Харин Сангийн сайд Б.Жавхлан "Батлагдаагүй хуулийн төслийн зохицуулалттай холбоотой орлогыг төсвийн төсөлд тусгах боломжгүй" гэсэн хариулт өглөө.

Тодотгоход, П.Анужин, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа нарын гишүүд  2021 оны зургаадугаар сард халаах болон ууршуулах технологи бүхий электрон төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгддэг тамхи, никотин агуулсан шингэн тамхины импорт, үйлдвэрлэлийг хуулийн зохицуулалт, стандарттай болгож, онцгой албан татвар ногдуулах зохицуулалт бүхий Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн аж.

Засгийн газрын зүгээс төслийг дэмжсэн санал, дүгнэлтийг хүргүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа асуудлаар дахин төсөл өргөн мэдүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн гэж Сангийн сайд хариулт өгөв.

Түүнлэн батлагдаагүй хуулийн төслийн зохицуулалттай холбоотой орлогыг төсвийн төсөлд тусгах боломжгүй байдаг, хууль батлагдан, хэрэгжих үеэс төсвийн төсөлд холбогдох орлогыг тусгах боломжтой гэдэг хариултыг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top