ТОЙМ: Төсвийн төсөөлөл үү, эсвэл мөрөөдөл үү!

2021 оны 11 сарын 01

Монголын эдийн засгийн энэ оны өсөлтийг Дэлхийн банк 4.5 хувь, Азийн хөгжлийн банк 4.6, Фитч агентлаг тав, Монголбанк 5.1 хувь, Олон улсын валютны сан 5.2 хувиар байна гэж тооцсон. Гэвч энэ өсөлт уул уурхайн экспортоос шууд хамааралтай билээ. Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувь, экспортын 90 хувийг уул уурхай бүрдүүлдэг. Тиймээс ч эдийн засгаа тэлэх, олдог жаахан юмаа өсгөх хүрээнд олон юм сэдэж байгаа.

Тухайлбал, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах асуудал УИХ-ын хэмжээнд яригдаж эхэлсэн нь үүний нэг жишээ л дээ. Урд хөрш рүү нүүрс гаргах асуудалд төмөр замын н салбар манай улсын төсвийн орлогын 30 хувийг бүрдүүлж ирсэн. Ирэх жил ч дээрх түвшингээ барих зорилт тавьсан байна лээ. Бүр тодорхой хэлбэл, тоо хэмжээний хувьд  нүүрсний экспортын төсөөллийг энэ оныхоос огцом нэмэгдүүлж 36.5 сая тонноор тооцсон байна.

Энэ нь Монгол Улс 2019 онд түүхэндээ хамгийн их буюу 36.5 сая тонн нүүрс экспортод гаргаж байсантай дүйж буй учраас Сангийн сайдын зүгээс дэвшүүлсэн томоохон зорилт гэж тодотгоод байгаа хэрэг юм. Өнөөгийн нөхцөлд 36.5 сая тонн нүүрс экспортлохыг том зорилт гэж үзэхээс ч өөр аргагүй. Учир нь Монгол Улс энэ онд төсвийн тодотгосон дүнгээр 28 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч гүйцэтгэлээр 16 сая тонн хүрэхгүй дүр зурагтай байгаа шүү дээ.

Тодорхой хэлбэл, манай улс энэ оны эхний есөн байдлаар нийт 11.4 сая тонн нүүрс экспортлосон дүн мэдээ байна. Хэдийгээр өнгөрсөн онуудтай харьцуулахад экспортолж байгаа нүүрс бага байгаа ч нүүрсний үнэ огцом өссөнтэй холбоотойгоор төсөвт оруулах орлогын төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой болчихоод байгаа юм л даа.

Эргээд ирэх жилийн төсвийн тухай яриандаа оръё. 2022 оны зэсийн баяжмалын экспортыг 1.21 сая тонн, төрийн хүдэр 9.5 сая тонн, алт тушаалтыг 20 тонн  байна гэж тооцсон байна. Эдгээрээс төмрийн хүдрийн экспортыг энэ оныхоос нэг сая тонноор нэмэгдүүлсэн бөгөөд БНХАУ гангийн үйлдвэрлэлд багагүй найдлага тавьж буй бололтой. Ингэхдээ нүүрсний ханшийг тонн тутамд нь 150-160 ам.доллар, тэнцвэржүүлсэн үнийг 73.5 ам.доллар гэж тооцжээ. Төмрийн хүдрийг 75.4 ам.доллар, алт унц нь 1821 ам.доллар байх төсөөлөл гаргасан байна.

Сангийн сайд үүний өмнө дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш өндөр байгаа ч ирэх оны төсвийг өсөлтөд тулгуурлаж боловсруулаагүй гэдгээ  хэлсэн. Үүгээрээ өнгөрсөн жилүүдэд биелээгүй өөдрөг төсөөллүүдийг давтахгүй гэж оролдсон байх. Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд 2022 оны төсөв бие даан боловсруулж буй анхны төсөв нь юм.   

Өнгөрсөн жил Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын үед  Монгол Улс уул уурхайн салбараас 3.4 их наяд төгрөг олохоор төсөвтөө суулгаад байсан. Тухайн үед нүүрсний экспорт 42 сая тонн, зэсийн баяжмалын экспорт 1.4 сая тонн, алтны тушаалтыг 20 тонн байна гэж төсөөлж байлаа. Эргэн сануулахад, Засгийн газраас 2020 онд уул уурхайн салбараас мөн л 3.2 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байдаг. Түүн дотроо 42 сая тонн нүүрс экпортолж, төсөвт 1.5 их наяд төгрөг, 1.2  зэс экспортолж 1.2 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөөд байв. 

Гэвч гаалийн шинэчлэл бүрэн хэрэгжээгүй, КОВИД-19 цар тахлын нөлөөллөөр зэс, нүүрсний экспорт буурсан билээ. Эцэст нь уул уурхайн орлого тасалдсанаар улсын төсөв олон их наяд төгрөгийн алдагдал хүлээж ирсэн түүхтэй. Энэ мэтээр улсын төсвийн төсөөлөл биелэлгүй ирсэн олон баримтыг дурдаж болно. Тийм болохоор ирэх оны төсвийг тооцохдоо тавьсан тоонуудыг мөрөөдөл хэмээн хочлоод байгаа юм.

С.СҮЛД

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top