АУДИО: Агай гүнжээс асууруун

О.Батсүх | Zindaa.mn
2021 оны 11 сарын 06

Zindaa.mn энэ удаагийн аудио зохиолоор Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Андрейн Сүглэгмаагийн "Агай гүнжээс асууруун" шүлгийг сонордуулж байна.
 

/Хубилай хааны удам, эртний яруу найрагч Агай гүнж/
           АГАЙ ГҮНЖЭЭС АСУУРУУН:
Цасан дунд дуссан ганц дусал цус адил
Тод үзэсгэлэнгийн төлөөнөө
Цайрах үс, хагдрах зүсээ золигч
Сод найрагчийн гуниг харууслын нулимс
Ямархан үнэтэй вэ? Агай
Цаг хугацааг эрхшээгч сүмийн хонхны дуун адил
Эгшиглэнт эгээрлийн төлөөнөө
Цинагш, янагшийг хүлцэн тэвчигч
Эгэл дияанчийн өргөсөн бадамлагч зул
Ямархан гэгээрэлтэй вэ? Агай
Он жил дарах мэт малгайлж буй цасыг
Огторгуйн зүүд хэмээн сэтгэн
Ороонго өвс адил бодлогошрогч
Оготор дээлтэй охины зөнгийн цагаан шувуу
Ямархан харцтай вэ? Агай
Одоо л жаргах нь гэсээр үлгэр жаргаасан эмээгийн
Онгож эвэршсэн гарыг элгэндээ ахин тэврэхийн төлөөнөө
Очирт сахиус, бурхан тэнгэртээ наминчлах
Онхи уясуу ээжийн минь залбирал
Ямархан ухааралтай вэ? Агай
Мөнгөн нуурын мандал нэг л хавраар дүүрч
Мянган хун дуулалдсаар нэг л намраар эзгүйрэх шиг
Нам гүмийг тэмтчих сэтгэлийн гүндэх ээнэгшил
Нас болоод нартын хагацахуйн хөндүүрэл
Ямархан цурхиралтай вэ?
Агай Алтан бөгжийн магтуу - Дуан гүнгийн адил
Амраг хүмүүний хайр ааль гоод уусан алдравч
Хэчнээн хорслын дөгөө, атаархлын дэгээнд урхидуулан
Хэдэн мянганы дараа гуниг хилэнгийн манан арилах вэ? Агай
Салхины зүрхэнд цохилох эх орныхоо судсанд цовхчих
Сац ариун агаад халуун цус Монгол байхын төлөөнөө
Гагцхүү үнэн хийгээд мөн чанарын туйл
Галав эринийг томьёологч нүүдэлчний алтан шастир
Ямархан үргэлжлэлтэй вэ? Агай
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top