Ирэх 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд 36.7 сая тн нүүрс, 1.2 сая тн зэсийн баяжмал, 20 тн алт, 9.5 сая тн төмрийн хүдэр, баяжмал экспортолж, 6.3 сая баррель газрын тос олборлож, уул уурхай, олборлох салбарын орлого 4.3 их наяд төгрөг байхаар тусгаад байна.
Улсын Их Хурлын 2021 оны долоодугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар энэ онд 28.7 сая тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлын нөхцөл байдлаас улбаалан нүүрс тээвэр болон түүнээс орох орлого ч тасарч байна. Гэвч зэс, төмөр, алт, газрын тос, цайр зэрэг бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөллөөр төсвийн орлогын алдагдлыг нөхөж байна.
Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2021 оны эхний есөн сарын байдлаар 3.4 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2.0 их наяд төгрөгөөр буюу 2.4 дахин өссөн. Энэ нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 31 хувийг бүрдүүлж байна гэж УУХҮ-ийн сайд Г.Ёндон танилцуулсан.
Тэрбээр “Ковидын улмаас нүүрсний экспорт төлөвлөснөөс буурч 2021 оны аравдугаар сарын 21-ний өдрийн байдлаар 13.2 сая тн нүүрс экспортолж, гүйцэтгэл 46.2 хувьтай байна. Нүүрсний экспорт биет хэмжээгээр буурсан ч, үнийн өсөлт нь нүүрсний экспортоос бүрдүүлэх орлогын төлөвлөгөөний биелэлтэд эерэгээр нөлөөлөөд байна. 2021 оны эхний есдүгээр сарын байдлаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдээс улсын төсөвт 657.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 65.8 хувийн өсөлттэй байна” гэв.
Сэтгэгдэл ( 0 )