Илон Маск санал асуулгаар татвар төлөх эсэхээ шийднэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн толгой баян, тэрбумтан Илон Маск компанийнхаа хувьцааны арван хувийг зарах эсэх тухай санал асуулгыг Твиттерээр дамжуулан зохион байгуулж байна.

Нийт 62 сая дагагчтай Илон Маск санал асуулгын дүнгээс шалтгаалан компанийнхаа хувьцааг зарах эсэхийг шийдэх юм. Санал асуулга дуусахаас гурван цагийн өмнөх байдлаар, санал асуулгад 3.5 сая орчим дагагч оролцсоноос 57.5 хувь нь “Tesla” компанийн хувьцааг худалдахын төлөө саналаа өгсөн бол 42.5 хувь нь эсрэг санал өгөөд байна. Хэрэв энэ байдал хэвээр үргэлжилбэл Маск нийт 21 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа худалдах юм.

Орегон мужаас Сенатад сонгогдсон Ардчилсан намын гишүүн Рон Уайден “тэрбумтнуудын татвар” гэгдэж буй зөвхөн чинээлэг хүмүүст зориулсан татвар ногдуулах хууль санал болгосны дараа Маск энэхүү шийдвэрийг гаргажээ. Тэрбумтнуудад ногдуулах орлогын албан татварын хуулийн төсөлд зааснаар, тэрбумтнууд энгийн америкчуудын нэгэн адил жил бүр татвар төлөх юм. “Ажил эрхлэгч нэг ч америк хүн тэрбумтнууд татвар төлдөггүй байдлыг эсэргүүцэж байна” гэж Уайден хуулийн төслийг Сенатад өргөн барихдаа онцолжээ.

Хуулийн төсөлд чинээлэг давхарга өөрсдийнхөө активыг арилжсан эсэхээс үл хамааран үнэт цаасных нь үнийн өсөлтөд 23.8 хувийн татвар ногдуулах тухай заажээ. Илон Маск энэхүү хуулийн төслийг эсэргүүцэж, олон хувьцаатай хэдий ч цалин, урамшуулал авдаггүй хэмээн жиргэсэн байна. “Татвар төлөх цорын ганц боломж нь хувьцаагаа зарах явдал” гэж Маск жиргэжээ. Түүний хэлснээр, сүүлийн үед АНУ-д хэрэгжээгүй ашиг нь татвараас зайлсхийх нэг арга болсон гэж ярьж байна. Энэ тохиолдолд түүнд цахилгаан автомашин үйлдвэрлэгч компанийнхаа хувьцааны арван хувийг зарахаас өөр гарц байхгүй гэж мэдэгдэж байсан юм.

Эл хууль АНУ-ын хамгийн чинээлэг 700 хүнийг хамрах юм.

Энэ нь Илон Маск компанийнхаа хувьцааг арилжих тухай анх удаа ярьж буй тохиолдол биш. Тус хуулийн төслийг өргөн барихаас өмнө тэрбээр “Teslа” компанийнхаа зургаан тэрбум ам.доллартой тэнцэх хувьцааг арилжаалж, олсон орлогоо НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрт зориулна гэж мэдэгдэж байв. Ингэхдээ эдгээр мөнгөний зарцуулалт нь тунгалаг байх ёстой гэсэн болзол тавьж байсан юм. Маск энэхүү мэдэгдлээ Дэлхийн хүнсний хөтөлбөрийн захирал аравдугаар сарын 13-нд дэлхийн олон бүс нутагт хүмүүнлэгийн хямрал болохоос сэргийлэхийн тулд хагас жилийн дотор 6.8 тэрбум ам.доллар цуглуулах шаардлагатай гэж зарласны дараа хийсэн юм.

Илон Маскийн явуулж буй санал асуулга санхүүгийн ертөнцийг гайхшруулаад байна. “Бид ард олон 21 тэрбум ам.долларын өртөг бүхий зоосыг хэрхэн шидэж буйн гэрч болж байна” гэж хөрөнгө оруулагч Чамат Палихатиа жиргэсэн бол Калифорнийн их сургуулийн эдийн засагч Габриэл Зухман манай гарагийн хамгийн чинээлэг хүний татвар төлөх эсэх нь Твиттер дэх санал асуулгаас шалтгаалах тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top