“Эрхэт Монгол” групп, “Мегавүүд” ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төслийн ажилд тодоор бичигдэх томоохон үйл явдал өчигдөр (2021.11.11) боллоо.
Бизнесийн үйл ажиллагааны бүтээмж, өрсөлдөх чадвараа үндэсний хэмжээнд нэмэгдүүлэх зорилготой “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийнхны хувьд кластер төв болох эхлэлээ тавьж, анхны хөрөнгө оруулагчидтайгаа албан ёсоор гэрээгээ байгууллаа.
Тодруулбал, “Гоулд Констракшн”-ы үүсгэн байгуулагч Л.Отгонбаяр таван тэрбум, “Цонх Констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал Р.Эрдэнэцэцэг нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээгээ төслийн удирдлагуудтай хийлээ. Үндэсний хэмжээний барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг нэгтгэсэн томоохон бүтээн байгуулалтад хамтран зүтгэж, хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хувь хүмүүс ч мөн “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төслийн хамт олонд хандаад байгаа аж.
Тэдний нэг болох иргэн Н.Нарангэрэл нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээг төслийн удирдлагуудтай хийж, гарын үсэг зурсан юм.
Хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэх дээрх үйл ажиллагааны үеэр “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн дэд захирал Д.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ “Монголын барилгын салбарын үндэсний үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид хамтын хүчээр хөгжлийн үүдийг нээх чухал үйл ажиллагаанд гар, сэтгэл нийлэн нэгдэж буйд талархалтай байна. Төслийн хугацаанд нэг, хоёр, гуравдугаар үе шатаар хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байна. Энэ хугацаанд хөрөнгийн зах зээлд хаалттай болон нээлттэй байдлаар хөрөнгө оруулалт татна. Анхдагч хөрөнгө оруулагчдын хувьд хувьцааны үнэ өсөхөөс өмнө буюу хөрөнгийн зах зээлд гарахаас урьтаж, хөрөнгө оруулалт хийж байгаа нь маш том боломжийг өөрсдөдөө авчирлаа гэсэн үг” гэлээ.
“Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төслийн удирдагч, “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяраас сэтгэгдлийг нь сонслоо
Тэрбээр “Төслийн бүтээн байгуулалтын ажил 90 хувьд хүрч, үйлдвэрийн барилгууд 100 хувь ашиглалтад орсон. Бидний төлөвлөж байгаагаар ирэх оны тавдугаар сарын 1-нд “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” олон нийтэд нээлттэй болно. Үүнээс өмнө 12 үйлдвэрээ шат дараалалтай ашиглалтад оруулах, агуулах байрандаа бараа материал татах зэрэг үйл ажиллагаа явагдана.
Төсөл амжилттай хэрэгжсэнээр 1200 ажлын байр шинээр бий болно. Дээрх ажлын байрыг дагасан орон сууцны томоохон хотхон Хонхорын бүс нутагт бий болно. Энэ бол манай төслийг дагасан бүтээн байгуулалтын нэг хэсэг. Нийтдээ төслийн хүрээнд жилд 300 тэрбум орчим төгрөгийн барилгын материал үйлдвэрлэх болон худалдан борлуулах боломж бүрдэнэ. Үр дүнд нь үндэсний хэмжээний барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг нэгтгэсэн томоохон бүтцийг бий болгохоор зорьж байна.
Төслийн санхүүжилтийн хүрээнд 40 хүртэлх анхдагч хөрөнгө оруулагч оролцох юм. Барилгын салбарт, хөрөнгийн зах зээлд гол тоглогч болох зорилготой хүмүүс энэ сарын 11-нээс ирэх сарын 12-ныг хүртэлх хугацаанд хөрөнгө оруулах хүсэлтээ ирүүлэх боломжтой. Улмаар хөрөнгө оруулагчдаа бүртгээд хувьцаа эзэмшигчдийн хурлаа зохион байгуулж, компанийн засаглалын зарчмаар хөгжиж явах юм” гэв.
“Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн анхдагч хөрөнгө оруулагчдаас сэтгэгдлийг нь сонслоо
“Гоулд Констракшн”-ы үүсгэн байгуулагч Л.Отгонбаяр “Манай компани 2003 оноос хойш барилгын салбарт тогтвортой ажиллаж байна. Компанийн хувьд урьд нь “Эрхэт Монгол” групптэй олон ажил дээр хамтарч ирсэн. Найдвартай, итгэл даадаг бизнесийн байгууллага гэдгийг мэднэ. “Эрхэт Монгол” групп, “Мегавүүд” ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй дээрх төсөлд анхдагч хөрөнгө оруулагчаар орсондоо баяртай байна. Мэдээж IPO гаргахаас өмнө амжиж, хөрөнгө оруулалт хийж байгаа гэдэг утгаараа ирээдүйд өгөх үр өгөөж нь өндөр байх нь ойлгомжтой” гэлээ.
“Цонх Констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал Р.Эрдэнэцэцэг “Манай компанийн хувьд 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа цонхны үйлдвэр. Бидэнд байгаа хамгийн чухал үнэт зүйл туршлага. Хонхорт бүтээн байгуулагдаж буй барилгын материалын паркийн үйл ажиллагаатай танилцаж, төслийг судалж үзсэн. Маш их таалагдсан. Олон компаниуд тус, тусдаа зүтгэж хүч тарамдсанаас илүүтэй хүчээ нэгтгээд ажиллавал амжилтад хүрнэ гэдэг утгаар энэ төслийг дэмжиж, хөрөнгө оруулагчаар орж ирж байна” гэв.
Уг төсөл дээр “Өлзий энд Ко Капитал” ҮЦК болон “Райнос Инвестмент” ҮЦК хөрөнгийн зах зээлийн андеррайтерийн болон зөвлөх үйлчилгээг үзүүлж, хамтран ажиллаж буй юм. “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн энэ удаагийн хөрөнгө оруулалтын онцлогын талаар “Өлзий энд Ко капитал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Өлзийбаяр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Манай барилгын салбарынхан бүтээн байгуулалт хийхдээ банкнаас л зээл авдаг. Өдгөө барилгын салбарын банкин дахь зээлийн үлдэгдэл 1.4 их наяд болжээ. Хүү нь гэхэд дунджаар 200-300 тэрбум төгрөгт хүрчихсэн. Тэр их зээлийн хүүгийн дарамтаас гарахын тулд барилгын үнээ нэмдэг. Харин энэ бүтээн байгуулалтын нэг онцлог нь бизнесийн салбарынхан дундаасаа хөрөнгө оруулалт босгож, бүтээн байгуулалтаа хийх болсон гэдэг нь чухал” гэлээ.
Төслийн багийн хамгийн чухал зарчим бол Монгол хүн бүр дээрх бүтээн байгуулалтаас үр өгөөжөө хүртэх боломжийг бүрдүүлэхэд оршиж байгаа бөгөөд нийгэм, эдийн засагт үзүүлэх томоохон ач холбогдол нь ч энэ аж.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )