“Apple” ажилчдынхаа цүнхийг шалгасны төлөө 30 сая ам.доллар төлнө

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 13

АНУ-ын “Apple” компани Калифорни муж дахь нэрийн дэлгүүрүүдийнхээ ажилчдад  нийт 29.9 сая ам.доллар төлөхөөр болжээ.

2013 онд Калифорни дахь нийт 52 нэрийн дэлгүүрийн 14 683 ажилчин тус компани мужийн хуулийн зөрчин аюулгүй байдлын үүднээс цүнхийг нь шалгасан гэж үзэн, цүнхээ шалгуулахад зарцуулсан цагийн мөнгө төлөх ёстой хэмээн холбооны шүүхэд ханджээ.

“Apple” компанийн зүгээс бүтээгдэхүүнийг хулгайлахаас сэргийлэх үүднээс ажилчдынхаа цүнхийг шалгах шаардлагатай байсан гэж тайлбарласан байна. Тохиролцоо ёсоор шүүхэд хамтын нэхэмжлэл гаргасан хүн бүр 1286 ам.доллар авах гэнэ.

Блүмберг агентлагийн тодруулсанчлан, 2015 онд шүүх тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ч 2020 онд есдүгээр тойргийн давж заалдах шатны шүүх “Apple” компани ажилчдадаа цүнхээ шалгуулахад зарцуулсан цагийн мөнгийг нь төлөх ёстой гэж шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top