Ослоос сэргийлж улиралд тохируулан дугуйгаа солихыг анхааруулав

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албанаас гаргасан зам, тээврийн осол зөрчлийн статистик мэдээллээс үзвэл улсын хэмжээнд жилд гарч байгаа нийт ослын 57 хувь нь намар, өвлийн улиралд гардаг байна.

Хүний амь нас хохирсон осол зуны улиралд их бүртгэгдсэн байхад намар, өвлийн улиралд ослын улмаас гэмтэл, бэртэл авах нь их байгаа аж. Эдгээр улиралд замын гадаргуунд өөрчлөлт орж, хальтиргаа гулгаанаас хамааралтай зам тээврийн осол нэмэгддэг.

Автотээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч нарын анхааралд сонордуулахад, өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн дугуйг улирлын нөхцөлд тохируулан сольж хэвших шаардлагатайг дээрх тоо баримтууд харуулж байна.

Монгол Улсын Иргэний хуульд Өмчлөгч нь бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглох тухай заалт байдаг. Иймд автотээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч та бүхэн иргэний үүргээ биелүүлж, гарч болзошгүй аливаа аюул ослоос сэргийлж, улирлын нөхцөлд тохируулан тээврийн хэрэгслийн дугуйгаа сольж авто замын хөдөлгөөнд оролцохыг Автотээврийн Үндэсний Төвөөс уриаллаа.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top