Шинжлэх ухааны академи байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож байна. Ойд зориулсан хүндэтгэлийн их чуулган өнөөдөр /2021.11.18/ боллоо.
Монгол Улсад үндэснийхээ түүхэн уламжлал, олон улсын нийтлэг жишиг, хандлагыг хослуулсан шинжлэх ухаан, технологи, инновацийн бие даасан тогтолцоог хөгжүүлэхэд шинжлэх ухааны академи болон үе үеийн эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны шилдэг менежерүүд жинтэй хувь нэмэр оруулсан.
Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, технологи инновацийн талаар төр засгаас онцгойлон анхаарч байгаа. Засгийн газар 299 дүгээр тогтоол баталж шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, шинжлэх ухаан, технологийн сангийн бүтэц, үйл ажиллагааг оновчтой болгох, шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагаанд үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо нэвтрүүлэхээр болсон. Мөн шинжлэх ухааны академийн харьяанд тархи, сэтгэл судлалын хүрээлэнг шинээр байгуулж, технологийн инкубаторыг хүрээлэнгийн статустай болгох, дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, ойн модны сургалт, судалгааны хүрээлэнг улсын төсвөөс санхүүжүүлэх, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн орон тоог 100 гаруй хүнээр нэмэгдүүлэх зэрэг томоохон боломж, нөхцөл үр дүнг авчирч чадлаа. Энэ нь “алсын хараа 2050”, засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр тусгагдсан шинжлэх ухааны, технологийн санхүүжилтийн хэмжээг 4 дахин, эрдэм шинжилгээний ажилтны тоог ойролцоогоор 2025 он гэхэд 2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нааштай чухал шийдвэр болсон.
Мөн дараагийн томоохон бүтээн байгуулалт бол ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 4,8 га талбайд баригдах, нийт 74,300 м2 талбай бүхий үндсэн долоон хэсэг барилга, байгууламжаас бүрдэх шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор юм. Энэ цогцолбор нь 3300 орчим эрдэмтэн судлаач, ажилтан албан хаагчид ажиллах хүчин чадалтай шинжлэх ухаан, технологи, инновац, танин мэдэхүйн төв хэлбэрээр ажиллах томоохон боломж нээгдэх болно. Уг бүтээн байгуулалтыг боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2 жилийн хугацаанд багтаан ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж байна.
Цаашид аж үйлдвэрийн 4-р хувьсгалыг үр өгөөжтэй өрнүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, “тэрбум мод” тарих монгол улсын ерөнхийлөгчийн санаачилга, “цахим монгол” зэрэг эрдэм мэдлэгийн эрч хүч шаардсан, шинжлэх ухаан, технологид суурилсан томоохон бодлого, хөтөлбөрүүдийг бодит ажил хэрэг болгох, шийдвэр гаргахад шинжлэх ухаан, технологийн салбарынхан маань манлайлан оролцоно гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: Боловсрол шинжлэх ухааны яам
Сэтгэгдэл ( 0 )