Герман I ДАРХЛАА ТОГТООХ, ҮХЭХИЙН аль нэгийг сонго!

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 23

-Улс орнуудад эмнэлгийн ачаалал нэмэгдэж, хөл хорио тогтоож эхэллээ-

ХБНГУ-ын эрх баригчид иргэдэд СOVID-19-ийн эсрэг дархлаа тогтоно эсвэл үхнэ гэжээ. 

Германы Эрүүл мэндийн сайд Йенс Шпан “Ойрын хугацаанд коронавирусний дельта хувилбарын тархалтын улмаас иргэд вакцинд хамрагдах эсвэл өвчлөх, үхэхийн аль нэгийг сонгох хэрэгтэй болно” гэж мэдэгдлээ.

The Local-д мэдээлснээр, өвөл дуусахад Германд иргэд вакцинд бүрэн хамрагдсан эсвэл өвчлөөд эдгэрсэн, нас барсан байх болно гэдгийг Эрүүл мэндийн сайд хэлжээ. Үүний гол шалтгаан нь коронавирусний дельта омог хаа сайгүй тархсан явдал аж.

Германд олон эмнэлэгт нөхцөл байдал хүнд байгааг Йенс Шпан хэлжээ. Тэрбээр өмнө нь бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоож магадгүй талаар мэдэгдсэн билээ. ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд “Бид юу ч болохыг үгүйсгэх аргагүй нөхцөл байдалд байна” гэжээ.

Үүний зэрэгцээ Бундестаг хууль баталсан нь COVID-19-ийн улмаас хөл хорио тогтоох боломжийг ихээхэн хүндрүүлж байгааг Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ.

Тус улсад энэ сарын дундуур хоногт 65 371 тохиолдол батлагдаж түгшүүрийн харанга дэлдсэн юм. Германд өнөө өглөөний /2021.11.23/ байдлаар ковидын халдварын батлагдсан нийт тохиолдлын тоо 5 400 687 болж, 99 130 хүн нас баржээ.

Вакцинжуулалт нас баралтыг бууруулна

Вирус судлаач, Гамалейн нэрэмжит төвийн профессор Анатолий Альтштейны ярьж буйгаар вакцинжуулалт болон эмчилгээний шинэ аргуудаар нас баралтыг бууруулах нь дэлхий дахинд чухал аж. Вирус судлаачийн ярьж буйгаар дэлхий дахинд ковидын шалтгаант нас баралтын тоо буурч байгаа гэнэ. Тухайлбал, хоногт дэлхий дахинд нийт 4000 гаруй нас баралт бүртгэгдэж байгаа нь 2020 оны есдүгээр сараас хойших хамгийн бага үзүүлэлт аж.

Вакцинжуулалт коронавирусний халдварын тархалтад нөлөөлж байгаа нь гарцаагүй гэж Анатолий Альтштейн яриад “Европын вакцинжуулалтыг авч үзье. Европт вакцин мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн” гэжээ. Профессор мөн коронавирусний цар тахал дэлхий даяар давлагаалан явж байгааг сануулсан байна.

Хамгийн их нас баралт цар тахлын эхний давлагааны үеэр бүртгэгджээ. Энэ нь анагаах ухааны салбар ковидын халдварт бэлэн бус байсныг гэрчилнэ гэж вирус судлаачид үздэг.

Нас баралтын үндсэн шалтгаан нь уушгины хатгалгаа

Ковидын шалтгаант нас баралтын үндсэн шалтгаан нь уушгины хатгалгаа аж. Хатгалгаа нь эмч нарт эртнээс танил өвчин ч энэ удаад эмчилгээний шинэ арга боловсруулах шаардлагатай болжээ. Цусыг шингэлж, үрэвслийг намдаах эмийн тусламжтайгаар нас баралтыг бууруулж чадсан байна.

Вакцингүйгээр нас баралт эхний үед маш өндөр байжээ. Дараа нь буурсан ч дэлхий даяар дельта хувилбар тархсанаар дунджаар нийт халдварын 1.8 хувь нь нас баралтад хүргэсэн байна. Гэхдээ улс орон бүрт нөхцөл байдал өөр өөр байгаа ажээ. Бүх зүйл анагаах ухааны нөхцөл байдал, улс орнуудад тархсан коронавирусний хувилбараас хамаарч байгааг Гамалейн нэрэмжит төвийн профессор Анатолий Альтштейн хэлж байна.

Эрдэмтэд дэлхий дахинд коронавирусний эсрэг нийтийн дархлаа тогтох нь чухал гэж үзэж байгаа билээ.

Улс орнууд хөл хориог хэрхэн тогтоов?

Европын орнууд ковидын халдварын нөхцөл байдлын улмаас дахин хөл хорио тогтоож байгаа юм.

Тухайлбал, Австрид даваа гарагаас эхлэн орон даяар хөл хорио тогтоолоо. Тус улсад өвчлөл дахин нэмэгдэж байгаа учир вакцинд хамрагдаагүй иргэдэд хөл хорио тогтоож, 12 болон түүнээс дээш насны иргэдийг сургууль, ажилдаа явах, хүнсний дэлгүүр орох, дасгал хийх зэргээс бусад тохиолдолд гэрээс гарахыг хориглосон байна. Мөн цагдаагийн эрүүлүүдийн тоог нэмж, зөрчил гаргасан хүмүүсийг 1450 хүртэлх еврогоор торгох аж.

Австрид хүн амын 64 хувь нь ковидын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан ч энэ нь 65.5 хувьтай байгаа Европын Холбооны дунджаас ялимгүй доогуур үзүүлэлт юм.

Австрид арваннэгдүгээр сарын 15-наас вакцинд хамрагдаагүй иргэд болон ковидоор өвчлөөгүй хүмүүст шөнийн хөл хорио тогтоосон ч халдварын тархалт буураагүй байна. Иймээс хөл хорионы шинэ арга хэмжээг эхний ээлжинд 20 хоногоор тогтоожээ. Тус улсад коронавирусний эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдийг шөнийн цагаар гэрээсээ гарахыг хориглосон хязгаарлалт 22:00 цагаас эхэлнэ.

Австрийн канцлер Александр Шолленбергийн мэдэгдсэнээр тус улсад ирэх 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс иргэдэд вакцинд заавал хамрагдсан байх шаардлага тавина.

Словак болон Чехид мөн даваа гарагаас коронавирусний эсрэг вакцинд хамрагдаагүй болон ковидоор өвчлөөгүй иргэдийг анхны тусламжийн бараа зардаг газруудаас бусад худалдааны төв, нийтийн хоолны болон соёл урлагийн газруудаар үйлчлүүлэх, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд очихыг хориглосон юм.

Словакийн Ерөнхий сайд Эдуард Хегер “Эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулахын тулд дараах арга хэмжээг авах шаардлагатай байна. COVID-19-ийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн тоо өсөж байна” гэж Засгийн газрын шийдвэрийн талаар тайлбарлажээ. Тэрбээр мөн ард иргэддээ хандан коронавирусний халдварын эсрэг вакцинд хамрагдахыг уриалсан байна.

Тэгвэл Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш “Ресторан, музей, бусад нийтийн үйлчилгээ, олон нийтийн газар зөвхөн вакцинд хамрагдсан болон ковидоор өвчлөөд эдгэрсэн хүмүүст үйлчилнэ. Энэ хязгаарлалт арваннэгдүгээр сарын 22-ноос хэрэгжиж эхэлнэ” гэж мэдэгдсэн. Вакцин хийлгээгүй болон ковидоор өвчлөөгүй иргэдэд тогтоосон хөл хорио ирэх 2022 оны хоёрдугаар сарын сүүлч хүртэл үргэлжлэх аж.

Иргэд вакцины гэрчилгээгээ заавал шалгуулна

Түүнчлэн Перуд ирэх арванхоёрдугаар сарын 15-наас коронавирусний халдварын тархалттай холбоотой хязгаарлалтыг чангатгана гэлээ. Перугийн Засгийн газраас мэдээлснээр арванхоёрдугаар сарын 15-наас тус улсад иргэд олон нийтийн газраар зорчихдоо COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн гэрчилгээгээ заавал шалгуулна. 18-аас дээш насны иргэд хязгаарлагдмал орон зайтай олон нийтийн газраар орохдоо коронавирусний эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан гэрчилгээгээ заавал үзүүлэхээс гадна шуудан зөөгч нар болон нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар ажлаа гүйцэтгэхдээ ковидын эсрэг вакцины хоёр тунд хамрагдсан байх ёстой аж.

Мөн 10-аас дээш ажилтантай компаниуд бүх ажилтан нь вакцинд хамрагдсан тохиолдолд хэвийн байдлаараа ажиллаж болно гэсэн байна.

Перугийн Эрүүл мэндийн сайд Оскар Угарте Засгийн газар оны сүүлч гэхэд бүх иргэд болон тус улсад оршин суугаа гадаадын иргэдийг вакцинжуулахаар төлөвлөж байгаа талаар мэдэгдсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(66.181.186.18) 2021 оны 11 сарын 25

манайх ийм шийдвэртэй бвл сн бна

0  |  0
(139.5.219.249) 2021 оны 11 сарын 23

TIIM YUM BAIHGUIEE GERMAND,UVCHIN TUSAAGUI BOL YAAHCHGUI,GANTS 1 IIM YUM YARIJIL BADIN TERNEES UH MUH GESEN IIM BALA HACHIN TENEGI YUM OGT BAIHGUI

0  |  0
зочин (202.9.46.196) 2021 оны 11 сарын 24

МАНАЙХ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ЭДЛЭЭД ВАКЦИН ХИЙЛГЭХГҮЙ БГА ИРГЭДЭД ЯГ ЭНЭ ШААРДЛАГЫГ ТАВИХ ХЭРЭГТЭЙ

1  |  0
Top