АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшинэ гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ.
Үүнээс өмнө “The Washington Post” хэвлэлд Байден /79 настай/ болон түүний ойрын хүрээллийнхэн 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших талаар ярьж эхэлсэн тухай мэдээлж байсан билээ. Ардчилсан намынхан Байден 2024 онд 81 настай болох тул ирэх сонгуульд оролцохгүй гэсэн таамаг дэвшүүлсний хариуд энэ асуудлыг идэвхтэй хөндөх болжээ. Түүний нэр хүнд унаж байгаа нь нэр дэвшихгүй байх бас нэг шалтгаан гэж Ардчилсан намынхан үзэж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн социологийн судалгаагаар, Байдены үйл ажиллагааг тус улсын хүн амын 40 орчим хувь дэмжиж байгаа юм.
Цагаан ордны тэргүүн Жо Байден 2022 оны арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулийн дараа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхээ албан ёсоор зарлах юм.