ТӨСӨВ: 10 жил дамнасан лабораторийн барилгад 861.2 сая төгрөгийн зардал баталлаа

2021 оны 11 сарын 29

2022 онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас харахад төсөвт анх тусгагдсанаасаа хойш 11 жилийн нүүр үзэж, 11 дэх төсвөө дамнасан барилга байгууламжууд ч байгаа талаар өмнө нь мэдээлж байсан.

Тухайлбал, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт  “Барилга байгууламжийн хийц бүтээцийн газар хөдлөл, сорил шинжилгээний төв лабораторийн барилга” барихаар анх 2011 онд буюу 10 жилийн өмнө Улсын төсөвт тусгаж байсан байдаг.

2022 оны төсвийн төсөлд уг лабораторийн барилгын нийт төсөвт өртгийг 4,183.8 сая төгрөгөөр тооцон, ирэх онд 861.2 сая төгрөгийн зардал нэмж тусгасан байсан. Тэгвэл УИХ-аас баталсан ирэх оны төсөвт энэ зардлыг  хэвээр нь үлдээж, баталлаа.

Сануулахад, уг лабораторийн барилгыг барих гэж арван төсөв дамнуулан хөрөнгө мөнгө тусгаж, удаж сунжрах хооронд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн эрчим хэрхэн нэмэгдсэн талаар мэдээлж байсан билээ.

Ийм лабораторийн барилга анх барьж эхлэхээр төсөвт тусгах үед буюу 2010 онд Монгол Улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлт 31 бүртгэгдсэн бол 2014 онд 63 удаа бүртгэгдэж байжээ. Харин 2021 он гарснаас хойш есдүгээр  сарыг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 262 удаа бүртгэгдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан сүүлийн 11 жилийн хугацаанд дахь 3.5 магнитудаас дээшх газар хөдлөлтийн инфографик мэдээллээс үзэхэд давтамж нь энэ 2021 онд эрс нэмэгдсэн байгаа юм.

Тэгэхээр газар хөдлөлтийн давтамж, эрчим ингэж огцом нэмэгдэж байгаа нь барилга байгууламжуудын чанар, хийц бүтээцэд хүлээн зөвшөөрөгдөхүйц хяналт тавих, стандартуудыг хангах чадавх бүхий нарийн лабораторийн үйл ажиллагаа шаардлагатайг сануулсаар буй. Түүнчлэн ирэх оны төсөвт ямар ч байсан арван жил дамнасан лабораторийн барилгын ажлыг дуусгахаар тусгалаа.

Тодотгоход,  “Барилга байгууламжийн хийц бүтээцийн газар хөдлөл, сорил шинжилгээний төв лабораторийн барилга”-ын зардал  жил дамнан төсөвт дараах байдлаар тусгагдсан байдаг. Тухайлбал:

 

  • 2011 оны төсөвт – 2.57 сая төгрөг
  • 2012 оны төсөвт -1.5 сая  төгрөг
  • 2013 оны төсөвт – 0.86 сая төгрөг
  • 2018 оны төсөвт – 1.41 сая төгрөг
  • 2019 оны төсөвт – 0.8 сая төгрөг
  • 2021 оны төсөвт – 50.0 сая төгрөгийн зардал тус тус суулгажээ.

 

Шилэн дансанд 2019 оны аравдугаар сарын 21-ний өдөр нийтлэгдсэн “Хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэл, концессын зүйлийн жагсаалт, гүйцэтгэл”-ийн жагсаалтаас харахад, уг лабораторийн барилгыг барьж дуусах хугацааг 2019 он, төсөвт өртөгийг 3,458.60 сая төгрөг, гүйцэтгэгч байгууллага “Зос Трейд” ХХК гэсэн байдаг.

Тэгэхээр зөвхөн энэ л барилга дээр жишээлээд аваад үзэхэд өнгөрсөн арван жилийн хугацаанд төсөвт тусгагдсан зардлуудын хэмжээ болоод өнөөдрийн байдлаар яригдаж буй зардлын нийт дүнгийн хэмжээ иймэрхүү байдлаар өөрчлөгдөж, нэмэгдсээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top