Токио цэргийн “F-16” онгоцыг нисгэхгүй байхыг АНУ-аас шаардав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

Японы Батлан хамгаалахын сайд Нобүо Киши тус улсын нутаг дэвсгэр дээгүүр “F-16” цэргийн онгоц нисгэхгүй байхыг АНУ-ын талаас шаарджээ. АНУ-ын нисэх хүчний “F-16” онгоц мягмар гарагт /2021.11.30/ нислэгийн үеэр гэмтэл гарсны улмаас Хоншю арлын хүн ам олноор суурьшсан дүүрэгт түлшний савнуудаа хаясан байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан зарласан шуурхай хуралдаан дээр Нобүо Киши АНУ-ын нисэх хүчин нислэгийн аюулгүй байдлыг хангах тал дээр шийдвэртэй арга хэмжээ авах хүртэл тус улсын нутаг дэвсгэр дээгүүр цэргийн онгоц нисгэхгүй байхыг шаардах болно гэж мэдэгджээ. Болсон хэрэг явдлын талаар бүх мэдээллийг олгохыг мөн шаардсан байна.

АНУ-ын тал түлшний савнуудыг Мисава дахь АНУ-ын нисэх хүчний баазын онгоц суурин газраас хол хаясан тухай мэдээлж байсан ч нэгийг нь Японы тал орон сууцны байраас 20-30 м зайд илрүүлсэн байна. Үүний улмаас хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлэл ирээгүй ба автомашины замын хаалтыг нураасан байна.

Түлшний савнуудаа унагасны дараа “F-16” онгоц Аомори нисэх онгоцны буудалд ослын буулт хийжээ. Төлөвлөгдөөгүй буултаас үүдэн нисэх онгоцны буудлын хөөрөх, буух зурвасыг түр хугацаанд мөн хаасан байна.

АНУ-ын нисэх хүчний онгоцнууд түлшний саваа Япон улсын нутаг дэвсгэрт хаяж байсан тохиолдол 2015 болон 2018 онд мөн гарч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top