ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2021 оны 12 сарын 06

Өнөөдөр 2021.12.06. Билгийн тооллын 2. Монгол эх оронд маань нар 08 цаг 26 минутад мандлаа, 17 цаг 00 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө -7 хэм, шөнөдөө -18 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Испанид Үндсэн хуулийн өдөр бол Азербайжанд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн, Финландад Тусгаар тогтнолын, Канадад Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх өдөр, Украинд Зэвсэгт хүчний өдөр.

Энэ өдөр Америкийн кино найруулагч, продюсер Жадд Апатоу, Шведийн хөгжмийн зохиолч Ульф Экберг, Португалын хөлбөмбөгч Педро Рафаел Амадо Мендес, Испанийн дугуйн уралдаанч Альберто Контадор Веласко зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1917 оны энэ өдөр Финландын парламент Оросын бүрэлдэхүүнээс гарах, тусгаар улсын статус авах шийдвэр гаргажээ.

1921 оны энэ өдөр Англи-Ирландын хэлэлцээр байгуулагдав. Хэлэлцээрээр яг жилийн дараа Ирланд тусгаар улс болжээ.

1991 оны энэ өдөр Бүгд Найрамдах Болгар улсын шинэ Үндсэн хууль батлагджээ.

Мөн энэ өдөр Украины зэвсэгт хүчин байгуулагдав.

1997 оны энэ өдөр ОХУ-ын Зэвсэгт хүчний цэрэг-тээврийн “Ан-124” онгоц Эрхүүд орон сууцны барилга дээр унаж, 72 хүн нас баржээ.

Өнөөдөр үс засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Харин төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top