ОЛОН ӨНГӨ: Эмч, эмнэлэг нь чадахгүй болохоор лам, бөө бодогдоно

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 07

Эгчийн маань охин Эх нялхаст хэвтээд арваад хонов. Долоохон настай жаахан амьтан юу нь мэдэгдэхгүй өдөр, шөнөгүй өвдөөд байсан тул арга буюу түргэн дуудав. Харамсалтай нь амралтын өдөр таарч түргэн ирсэнгүй. Ингээд унаа машин болж байж эмнэлэг бараадсан ч өнгөрсөн хугацаанд онош нь бүрэн тодрохгүй, өдөр аргацаасан өвчин намдаах эмчилгээ л хийсээр байна. Мөн хэдхэн хоногийн өмнө найзын маань охин дүүгийн өвчний онош тогтоогдохгүй байсаар бурхны орныг зорьсон.

Ах дүүс, найз нөхөд нь энэ хугацаанд монголын урдаа барьдаг бүхий л эмнэлэг, эмчээр явсан ч хавдрын сүүлийн шат болсныг нь бурхан болохоос нь хэдхэн хоногийн өмнө л анагаах ухаан мэдсэн.

“Монголчууд бүгдээрээ өвдөж зовохоороо Гандан барааддаг биз дээ” хэмээн хэлсэн УИХ-ын гишүүний үгийг сошиал орчинд хуваалцаж, мунхаг тэнэгийг нь их ч гайхширцгаасан даа.

Харамсалтай нь үнэхээр өнөөгийн Монголын анагаах ухаан, техник технологийнх нь хүчин чадал тухайн өвчнийг оношилж чадахгүй байгааг харахад сэтгэл гутарна. Дээрээс нь элдэв долоон шинжилгээ, эм тангийнх нь үнэ ханш тэнгэрт хадчихсан, зарим нь олдохгүй тасарчихсан байгаа нь ч сэтгэл түгшээнэ.

Тийм ч болохоор үнэтэй хувийн эмнэлэг бараадаж чадахгүй, улсын эмнэлгийн эмч нарыг царайчилан далайсан газар нь далд орж яваа нь дэндүү олон ажээ. Бүтэн хоёр жилийн хугацаанд КОВИД-19 өвчнийг л анхаарч, нас барагсадаа тоолж ирснээс бусдыг нь зөнд орхисон болохоор зуу илүү жилийн тэртээх “Лам гурван эрдэнэ” хэмээн залбирч байсан үе шиг болгож байна. Яг ингээд анагаах ухаан нь мөрөө хавчаад, техникийн хүчин чадал нь хол дутаад ирэхээр өвчтөний ар гэрийнхэнд бурхан багш, ид шидийн аврал, лам, бөө л бодогддог юм байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Odo(66.181.161.116) 2021 оны 12 сарын 07

Odoo.buh.emsh.naraa.emnelegees.hooj.gargaad.lam.boo.naraa.oruulan.gej.helhen.u.joohon.chinjleh.uhaan.sh.baildaa

0  |  0
зочин(192.82.74.64) 2021 оны 12 сарын 07

нэр хүндтэй сонин ийм утгагүй нийтлэл гаргахаар ард түмэн харанхуй үлдэхгүй хаачихав. ШУ хөгжсөн эрин шүү дээ

0  |  0
Top