ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2021 оны 12 сарын 07

Өнөөдөр 2021.12.07. Билгийн тооллын 4. Монгол эх оронд маань нар 08 цаг 27 минутад мандлаа, 17 цаг 00 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө -3 хэм, шөнөдөө -16 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын иргэний нисэхийн өдөр. ОХУ-д өнөөдөр Нисэхийн инженерийн албаны өдөр, мөн Эрмитажийн өдөр.

Энэ өдөр Америкийн сагсан бөмбөгч, олимпын аварга Ларри Жо Бёрд, Мальтийн Ерөнхийлөгч Мари-Луиз Колейро Прека, Оросын дуучин, “Звери” хамтлагийн ахлагч Роман Билык буюу Рома Зверь, Америкийн жүжигчин Женнифер Карпентер, Аарон Чарльз Картер, Английн хөлбөмбөгч Жон Терри, жүжигчин Николас Холт, Чехийн хоккейч Милан Михалек, Японы уран гулгагч, олимпын хоёр удаагийн аварга Юзүрү Ханю зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1732 оны энэ өдөр Лондонд Ковент-Гарден хатан хааны театр нээгджээ.

1934 оны энэ өдөр ОХУ-ын Киров, Омск, Оренбург муж болон Красноярскийн хязгаар үүсгэн байгуулагдсан байна.

1941 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайнаар Япон улс Сувдан эрэг рүү дайрч, АНУ дайнд оржээ.

1944 оны энэ өдөр Чикагод Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцыг баталж, гарын үсэг зурсан байна.

1972 оны энэ өдөр “Аполлон” хөтөлбөрийн хүрээнд саран дээр хамгийн сүүлд газардсан “Аполлон 17” сансрын хөлгийг хөөргөв.

1975 оны энэ өдөр Индонез Зүүн Тиморыг эзлэн түрэмгийлжээ.

1982 оны энэ өдөр АНУ-ын Техаст цаазын ялыг анх удаагаа тарилганы тусламжтайгаар гүйцэтгэжээ.

Өнөөдөр үс засуулвал бие эрхтний хүч сайжирна.

Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай. Их цасан буух улирал 7 цаг 3 минутад эхэлнэ.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top